АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Москвад шөнө болсон хойно Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярив. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, АНУ, ОХУ-ын хоёр ерөнхийлөгч утсаар хоёр талын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын болон ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг эргэн тойрсон  асуудлуудаар ярилцсан гэв.

АНУ-ын ТТГ-ыг дэлхийн Интернет болон харилцаа холбооны сүлжээнүүдийг ашиглан тагнадаг тухай тагнуулын нууц мэдээллүүдийг нийтэд илчилсэн оргодол тагнуулын ажилтан асан Эдвард Сноуден нь 6-р сарын 23-аас москвагийн “Шереметьево” олон улсын онгоцны буудлын транзит бүсэд байна.

Өнгөрсөн баасан гаригт түүний санаачилгаар оросын хүний эрхийг хамгаалагчид, өмгөөлөгч нартай зохион явуулсан уулзалт дээр Сноуден ОХУ-аас улс төрийн орогнол олгохыг хүсчээ.Түүний ярьснаар, тэрбээр Латин Америкаас орогнол олгоно гэдэгт найдаж байгаа бөгөөд одоогоор хараахан явж чадахгуй байгаа учраас, Орос улсад түр зуур байхаар төлөвлөөд байгаа аж.

Уулзалтын явцад Сноуден түүнд дэмжлэг үзүүлсэн ОХУ, Венесуэл, Болив, Никарагуа,Эквадор улсуудад талархал илэрхийлэв. Тэрээр мэдэгдэхдээ, цаашид тэр улс төрийн орогнол олгохтой холбоотой бүх саналуудыг хүлээн авах болно гэв.

ОХУ-ын Төрийн думын депутат Вячеслав Никонов уулзалтын дараа мэдэгдэхдээ, Сноуден нь Орос улсад орогнол олгох нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэв. Уг нөхцөлөөр тэр АНУ-д уршиг тарих ёсгүй юм.

Компьютерын мэргэжилтэн асан Сноуденыг АНУ-д америкийн тусгай албаныхны нууцын программуудын тухай хэвлэлд гаргасан хэрэгт татаад буй юм. Цагаан ордны хэвэлэийн нарийн бичгийн дарга Жей Карни Орос улсыг Сноуденыг хүлээлгэн өгөхийг ээлжит удаагаа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр уриалсан бөгөөд ингэхдээ шүүх ажиллагааг шудрага явуулна гэж батлан хэлэв.