Америкийн хоёр байлдааны хөлөг онгоц египетийн эрэг хавийн нутаг руу зүглэсэн тухай өчигдөр тэнгисийн явган цэргийн корпусын командлагч генерал Жеймс Амос мэдээллээ. Түүний хэлснээр «Сан-Антонио», «Кирсарж» десантын хөлөг онгоцуудыг Улаан тэнгис руу явуулжээ.Тэдгээр нь одоо Бахрейны эрэг хавьд байгаа «Картер Холл» хөлөгтэй хамт Улаан тэнгис болон Африкийн эвэр, Персийн буланд байлдааны манаанд зогсох юм.

Египет хямралт байдалд орсон нөхцөлд АНУ байдалд хяналт тавихын тулд тодорхой алхам хийсэн гэж Амос мэдэгдлээ. Гэсэн ч АНУ чухам ямар хувилбарыг авч үзэж байгааг тэрээр тодруулж хэлсэнгүй. Эдгээр хөлөг онгоцыг эрэг хавьд ойртуулах нь шаардлагатай үед нисдэг тэрэг ба өөр байлдааны техникийг хэрэглэхэд тус дөхөм үзүүлнэ гэж тэнгисийн явган цэргийн корпусын төлөөлөгчид тэмдэглэв.