Токиогийн их сургууль болон Toyota корпорацын хэсэг мэргэжилтэн энэ оны сүүлээр Олон улсын сансрын станцын бүрэн эрхт гишүүн болох хүн дүрст робот-сансрын нисгэгчийг зохион бүтээж дууссан тухай японы ХМХ уламжлав. KIROBO гэж нэрлэсэн робот 34 см өндөр, 1 кг жинтэй юм. Робот жингүйдэх нөхцөлд бие даан явж, аман тушаал, заалтад захирагдана.

Тусгай нисэх онгоцонд хиймэл жингүйдэх нөхцөлд түүнийг туршив. Роботын бие дааж сурах чадвар зохион бүтээгчдийн бахархал болсон. Тэр хүнтэй ярьж, шинэ үг, нэр томъёо сурна. Энэ оны 8-р сард японы сансрын нисгэгч Коити Ваката роботыг ОУСС-д аваачиж, зургаан сарын турш тойрог замд ажиллахад сургах юм.