АНУ-ын эрх баригчид америкийн тусгай албадуудын нууцыг илчилсэн Эдвард Сноуденыг саатуулахын тулд хууль ёсны бүхий л аргуудыг хэрэглэх болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама даваа гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Ерөнхийлөгч түүнд тавьсан “оросын ерөнхийлөгч Путинтэй Сноудены хэргийн тухай ярилцсан уу” гэсэн асуултанд хариулахаас зайлсхийжээ.

6-р сарын эхэн үеэр АНУ-ын ТТГ болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн гүйцэтгэх байгууллага болох Booz Allen Hamilton компанид ажиллаж байсан Сноуден нь тусгай албадыхны  утасны ярианы мэдээллийг авч байсан гар утасны томоохон оператор Verizon компани болон томоохон сайтуудын цахим шуудангуудыг хянах боломж олгож байсан Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хэт нууц PRISM хөтөлбөрүүдийн тухай нууц ордерыг тараажээ.

Үүний өмнө АНУ-ын эрх баригчид  нууц мэдээллүүдийг илчилсэн нь тус улсын үндэсний аюулгүй байдалд хүчтэй хохирол учруулсан гэж мэдэгдэж байсан. Тэд түүний байгаа аливаа орноос хэрэгтэнг өгөхийг шаардах төлөвтэй байна.

Ням гаригт Сноуден  Гонконгоос Москва руу хүрэлцэн ирсэн. Гонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний энэхүү аялалын эцсийн зорилго Исланд юм уу, Эквадор гэж нэрлэж байсан. Бусад мэдээллээр Сноуден нь Москвагаар дамжин Куб юм уу, Венесуэлийг зорьж мэдэх аж.