Өмнөд солонгос нь Брунейд зохион явуулах Зүүн-өмнөд Азийн бүс нутгийн чуулганы үеэр БНАСАУ-ын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт явуулах бололцоо байгааг үгүйсгэхгүй байна. Энэ тухай даваа гаригт өмнөд солонгосын дипломат төлөөлөгчдийн хүрээний өндөр албан тушаалтныг иш татан “Йонхап”агентлаг уламжилжээ.

Эх сурвалжийн уламжилснаар, Өмнөд солонгосын үндсэн байр суурь “Өмнөд болон Умардын хооронд уулзалт зохиогдохгуй байх шалтгаан байхгүй”. Албан ёсны шийдвэрүүд болон уг асуудлаарх БНАСАУ-ын байр суурийг одоогоор нийтэд зарлаагүй байна.

Сүүлийн үед Умард солонгос Солонгосын хойгийн байдлын асуудлаар харилцан яриа явуулахад бэлэн байгаа тухайгаа нэг бус удаа мэдэгдсэн. Түүнчлэн тэд цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан талт яриа хэлэлцээрт эргэж ороход бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт болсон Хятад болон БНАСАУ-ын хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр энэ тухай сүүлийн мэдээлэл ирсэн юм. Өмнө нь Пхеньян Вашингтонд цөмийн хөтөлбөрийн асуудлаар болон бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар дээд хэмжээний түвшний уулзалт зохион явуулах санал тавьсан. АНУ нь өөрийн зүгээс Умард болон Өмнөд солонгос болоод Японтой харилцан яриа явуулахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн.