Умард Солонгосын цөмийн болон Өмнөд Хятадын тэнгисийг тойрон үүссэн маргаантай асуудал дээр ажиллана гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын асуудал эрхлэх туслахын албан тушаалд нэр дэвшсэн Дэнни Рассел мэдэгдэв.

Энэ албан тушаалд томилогдвол «хөрш орнуудыг өдөөн хатгаж, айлган сүрдүүлэх гэсэн Умард Солонгосын оролдлогыг таслан зогсооно» гэж Рассел АНУ-ын сенатын олон улсын харилцааны хороонд хэлжээ.

Тэрээр Умард Солонгосын удирдлагыг шүүмжилж, тэд улс орныхоо хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахын оронд санаанаас зохиосон аюул гэгчийг няцаахаар сүр хүчээ зузаатгаж байна гэжээ.

Түүнээс гадна Хятад ба түүний хөршүүдийн хооронд Өмнөд Хятадын тэнгисийг тойрон үүссэн нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд анхаарал тавина гэж Рассел амлав.

«Түгшүүртэй байдлыг намжаахын тулд бололцоотой бүхнийг хийж, маргалдаж байгаа талууд түүний дотор Хятад улсыг хэлэлцээ хийх замд шилжүүлнэ» гэж тэрээр амласан тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв.

Урьд өмнө Рассел Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Азийн хэрэг эрхлэсэн тэргүүлэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүнийг Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хэрэг эрхлэх туслахын албан тушаалд дэвшүүлсэн юм. Эдүгээ Курт Кэмпбелл мөн албан тушаал хашиж байна.