Орос улс агаар сансрын батлан хамгаалалтын оператив-тактикийн боломжийг хойшид ч өргөжүүлэн нэмэгдүүлэх бодолтой байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 он хүртэлх зэвсгийн төрийн хөтөлбөрийн биелэлт, цэргийн сансрын батлан хамгаалалтын үндэс суурийн асуудлаархи зөвлөлгөөн дээр мэдэгджээ.

Орос улс стратегийн тогтоон барих системийн балансыг зөрчиж, цөмийн хүчнийхээ үр бүтээлийг доошлуулахгүй гэж Путин мэдэгдэв. «Иймээс агаар сансрын батлан хамгаалалт хойшид ч цэргийн байгуулалтын үндсэн чиглэлийн нэг хэвээр байх болно» гэж Путин тэмдэглэн хэллээ.

«Агаар сансрын батлан хамгаалалт үр бүтээлтэй байх нь стратегийн тогтоон барих хүчний тогтвортой байдал болон улс орныхоо нутаг дэвсгэрийг агаар сансрын давшилтын хэрэгслээс хамгаалах баталгаа мөн» гэж тэрээр тэмдэглэв.БХЯ,батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрууд ажлаа уялдуулан зохицуулж, агаар сансрын батлан хамгаалалтын системийг байгуулах асуудлыг гүйцээж боловсруулах ёстой гэж Путин хэлжээ.

ЗХУ-ын удирдлагаас дунд зайны тусгалын пуужингаас татгалзах тухай хэлэлцээр АНУ-тай байгуулсан нь «маргаан үүсгэм шийдвэр» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. «Бусад улс түүний дотор Оросын хөршүүд давшилтын зэвсэг ба дунд зайны тусгалын пуужингуудаа боловсронгуй болгож байна» гэж тэрээр тэмдэглэв. Гэсэн ч Орос улс гаргасан шийдвэрүүдийг даган мөрдөх ёстой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлов.

Байлдааны хэрэгслийг хаягдал болгон аюулгүй устгах асуудлыг ахин бүрэн боловсруулах нь зайлшгүй чухал гэж Путин заажээ. Эдүгээ энэ чиглэлээр гаргаж байгаа хүчин чармайлт хангалтгүй байна гэж Владимир Путин тэмдэглэн хэллээ.