Өнөөдөр Орос улсын хойд нийслэлд Петербургийн олон улсын эдийн засгийн ээлжит форум нээгдлээ. Нийт 3400 хүн түүний дотор гадаадын томоохон 190, оросын 428 компанийн удирдагчид форумд оролцож байна. Дэлхийн 66 улсын албан төлөөлөгчдийн 144 гишүүн хотод хүрэлцэн очлоо.

Одоо ОХУ-ын даргалж байгаа G20 дээд хэмжээний уулзалтаар эн түрүүнд авч үзэж хэлэлцэх сэдэвт цуврал арга хэмжээ форумын хүрээнд явагдана. Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг урамшуулах, төрийн өрийг удирдах, дэлхийн санхүүгийн системийг шинэтгэх, энергийн зах зээлийг тогтвортой хөгжүүлэх, дэлхийн худалдааг бэхжүүлэх зэрэг сэдэв тэдгээрийн дотор байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин форумын хоёр өдрийн ажилд оролцоно. Тэрээр олон улсын хэдэн уулзалт хийж тухайлбал өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхий сайд Жан Гаолийг хүлээн авч уулзана.

Хятадын засгийн газрын дээгүүр албан тушаалтай төлөөлөгчидтэй хийх уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, энергийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Талууд энэ оны 3-р сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний Орос улсад хийсэн төрийн уулзалтын үеэр тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бодолтой байна.