Өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярьж, АНУ-аас Сирид зэвсэг нийлүүлэх төлөвлөгөө тус орны байдлыг даамжруулах уршигтай гэж мэдэгдсэн тухай ОХУ-ын ГХЯ-ны сайт мэдээлэв. Дамаск химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн таавар итгэлтэй баримтуудаар нотлогдоогүй гэж Сергей Лавров онцлов.

Эдгээр хоёр орны гадаад улс төрийн тусгай газруудын тэргүүн нар Сири улсын байдлыг Вашингтоноос зарласан сирийн сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэх төлөвлөгөөг харгалзан авч үзэж хэлэлцэв.

Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулах тухай орос-америкийн санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд сирийн талууд болон сонирхогч орнуудтай холбоо барих талаар нэмэлт хүчин чармайлт гаргах нь зайлшгүй чухал хэмээн Лавров Керри хоёр үзэж, эл асуудлаар зөвшөлцсэн байна.

Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлнэ гэж пүрэв гаригт АНУ-ын эрх баригчид анх удаа ил шууд мэдэгдлээ. Сирийн засгийн газрын цэргээс сөрөг хүчний эсрэг зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлэл бидэнд байгаа гэж Вашингтон мөн алхамаа зөвтгөхийн тулд мэдэгдэв.Арми химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг АНУ санаанаасаа зохиосон гэж Сирийн эрх баригчид мэдэгджээ.