Иранд 6-р сарын 14-ний баасан гаригт явагдах ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр “чимээгүй өдөр” зарлав. Өнөөдөр сонгогчдод өөрсдийн сонголтыг эцэслэн хийхэд нь зориулан тус улсад аливаа сурталчилгаа явуулахыг хоригложээ.

Иранд болох ерөнхийлөгчийн сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдөнө. Шинэчлэлийн жигүүрийг Исламын БНИУ-ын Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Хасан Рухани төлөөлж байна. Консерватив байр сууринд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байна.

Тэд бол Ираны БНУ-ын Гадаад хэргийн сайд асан Али Акбар Велаяти, ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээрийн гол төлөөлөгч Сайид Жалиль, Улс төрийн зөв зүйтэй асуудлаарх Зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи болон Тегеран хотын дарга Багер Галибаф нар юм.

Шуудан, цахилгаан холбооны сайд асан Саид Мохаммад Гарази нь бие даан нэр дэвшигчийн хувьд хараат бус, гэхдээ консерваторуудад нилээд ойр юм.

“Сонгууль бол ард түмний хүсэл тэмүүлэл бөгөөд  улс орны хувь заяаны ирээдүй” гэж хамба лам Али Хаменеи мэдэгдээд, иранчуудыг өөрсдийн иргэний байр сууриа гаргахыг уриалав. 6-р сарын 14-нд явагдах ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн 96 орны 128 сонгуулийн тойрог болон 290 санал хураах байранд явагдах юм.

Интерфакс агентлагийн асуулганд оролцсон Орос Ираны асуудлын шинжээчид үзэхдээ, тус улсад ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай явагдана гэжээ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч өрнөдтэй харилцах харилцаандаа нягт бодлого явуулж эхлэж магадгүй гэдгийг тэд үгүйсгэхгүй байна.