Туркийн шудрага ёс, хөгжлийн эрх баригч намаас хийсэн мэдэгдэлд, Стамбул Гези цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаар санал хураалт явуулж болох тухай асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэжээ.Энэ асуудал нь тус улсын засгийн газрын эсрэг жагсаалуудын эхлэл болсон.

Ингэхдээ намын төлөөлөгч энд майхнаар хуаран босгосон жагсагчдыг цэцэрлэгээс гарч явахыг уриалжээ. Тус улсын ерөнхий сайд Тайип Эрдоганы хэсэг идэвхтэнүүдтэй явуулсан яриа хэлэлцээрийн дараа Туркийн эрх баригч намаас ийм санал гаргажээ.

Нөгөөтэйгүүр, Туркийн нийслэл хотод пүрэв гаригийн шөнө болсон жагсаалд оролцогчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан тухай Франс пресс агентлаг уламжилжээ. Хоёр мянга орчим жагсагчид гудамжинд цугларч засгийн газрын эсрэг уриануудыг хашгирч байв.

Цагдаагийнхан нулимс асгаруулах хий хэрэглэхээс аргагүй байдалд оржээ. Тэрчлэн цагдаагийнхан жагсагчдыг сигналаар /дохио/ дэмжсэн жолоочийг баривчилсан тухай уламжилжээ.

Турк даяар Стамбулын Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалахаар эхэлсэн засгийн газрын эсрэг жагсаал цуглаан  хоер долоо хоног гаруй болж тус улсад эмх замбараагүй байдлыг бий болгоод байна.

Өнгөрсөн мягмар гаригт Стамбулын Таксим талбайд жагсагчид болон цагдаагийнхны хооронд сөргөлдөөн гарчээ. Сүүлийн үеийн мэдээгээр,  эмх замбараагүй байдлын улмаас  таван хүн амь насаа алдаж, 5 мянган хүн гэмтэж бэртэжээ.