6-р сарын 12-13-нд Сөүлд БНАСАУ-тай хийх байсан хэлэлцээ тасалдсан нь хоёр талын харилцааг тогтоож төлөвшүүлэх урт хугацааны нарийн түвэгтэй үйл явцын нэг хэсэг гэж Өмнөд Солонгос үзэж байна. Сөүл Пхеньянтэй яриа хэлцээ хийхэд урьдын адил нээлттэй байна гэж өнөөдөр «Йонхап» агентлаг мэдээллээ.

Солонгосыг нэгтгэх хэрэг эрхлэсэн өмнөд солонгосын сайд Рю Киль Жейн мэдэгдсэнчилэн солонгос хоорондын хэлэлцээ тасалдсан ч хоёр орны хүчин чармайлт шинэ харилцаа тогтоох, бүс нутгийн байдлыг тогтвортой хэвээр байлгахад тус дөхөм үзүүлнэ. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Хон Вон хэлэлцээ тасалдсанд харамсаж байгаагаа илэрхийлээд Пхеньянд хандан хоёр орны төлөөлөгчдийн бүрэлдэхүүийг адилхан болгохыг уриалав.

Өмнөд Солонгос, БНАСАУ-ын сайд нарын хоёр өдрийн уулзалт энэ сарын 12-13-нд Сөүлд сүүлийн зургаан сард анх удаа хийх байсан. Өнгөрсөн ням гаригт эдгээр хоёр улсын төлөөлөгчид ажлын хэлэлцээ хийж, энэ тухай шийдвэр гаргав. Хоёр тал төлөөлөгчдийн бүрэлдэхүүний асуудлаар тохиролцож чадаагүй учир хэлэлцээг болиулах тухай зарлан мэдээлжээ. Өнөөдөр Пханмунжом холбооны шугамаар Умард Солонгостой холбоо барихыг Өмнөд Солонгосын эрх баригчид оролдов. Гэвч нөгөө тал утсаа авахгүй байна.