Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу Умард Атлантын эвсэл. АНУ, Канад болон европын ихэнх орныг нэгтгэсэн дэлхийн цэрэг, улс төрийн томоохон нэгдэл. 1949 оны 4-р сарын 4-нд АНУ-д бий болсон юм. НАТО-гийн нийтэд зарласан зорилгын нэг нь НАТО-гийн гишүүн орнуудын газар нутагт халдан довтлох ямарч түрэмгийлэлийг тогтоон барих болон түүнээс хамгаалах явдал юм.  Гишүүн орнуудын төлөөлөгчдөөс бүрдсэн Умард Атлантын зөвлөл буюу НАТО-гийн зөвлөл нь НАТО-гийн улс төрийн дээд байгууллага мөн. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга тус зөвлөлийн хуралдааныг даргалаж хийлгэдэг байна. Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга нь Андрес Фог Расмуссен юм. Зөвлөлийн шийдвэрийг бүгд санал нэгтэй хүлээж авдаг байна. НАТО-гийн зөвлөлийн төв байр Брюссельд байрладаг. Цэрэг улс төрийн дээд байгууллага нь Цэргийн төлөвлөлтийн хороо юм. Цэргийн дээд байгууллага нь Исландын иргэний төлөөлөгч болон НАТО-гийн гишүүн орны жанжин штабын дарга нараас бүрэлдсэн Цэргийн хороо юм. Цэргийн хороо нь Европ, Атлантик гэсэн хоёр бүсийн командлалыг захирдаг байна. Европын дээд ерөнхий командлалыг дээд ерөнхий командлагч америкийн генерал тэргүүлдэг байна. Бельги, Их Британи, Дани, өөрийн зэвсэгт хүчингүй Исланд, Итали, Канад, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, АНУ, Франц, Грек, Түрк, Герман, нэгдлийн цэргийн бүтэцэд ордоггүй Испани, Унгар, Польш, Чех, Болгар, Литва, Латви, Эстон, Румын, Словак, Словени, Албан, Хорват зэрэг улсууд НАТО-гийн гишүүн улсууд юм.