1993 оны ОХУ-ын Үндсэн хуулинд зааснаар Холбооны хурал нь ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага билээ. Холбооны хурал нь дээд танхим-Холбооны зөвлөл, доод танхим- Төрийн  Дум гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Хоёр танхим нь улсын дээд удирдлагын олон чухал асуудлыг авч үзэн шийдвэрлэх болон улсын төсвийг баталдаг юм. Тэд холбооны улсын хэд хэдэн байгууллагуудыг бүрдүүлэхэд оролцох ба зарим нэг чиглэлд парламентийн хяналтын үүрэг гүйцэтгэдэг байна. Холбооны зөвлөлд ОХУ-ын 83 субъект бүрийн  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд багтдаг юм. Холбооны зөвлөлийн гишүүд нь байнгын байдлаар ажилладаггүй бөгөөд үе үе хуралддаг юм. Үлдсэн хугацаандаа тэд өөрсдийн субъектдээ үүрэгт ажлаа гүйцэтгэдэг билээ. Харин Төрийн Дум нь ОХУ-ын ард иргэдээр сонгогдсон 450 депутатаас бүрэлдэнэ. Эдний 225 нь нутаг дэвсгэрийн сонгуулийн тойргоос харьцангуй олонхоор сонгодог сонгуулийн мажоритар системээр сонгогддог байна. Харин 225 нь сонгуулийн пропорциональ системийн дагуу нам, хөдөлгөөний холбооны жагсаалтын дагуу сонгогддог байна. Төрийн  Думын бүх депутатууд байнгын байдлаар ажиллах ёстой. Тэд депутатын эрх үүргийг гүйцэтгэснийхээ төлөө шагнал авдаг байна. Депутатууд төрийн алба хаших ёсгүй ба уран бүтээлийн, багшийн, эрдэм шинжилгээний ажлаас бусад төлбөрт ажил хийх ёсгүй юм.