Энэ нуур нь Орос улсын Дорнод Сибирийн өмнөд хэсэгт байрладаг юм. Манай гаригийн хамгийн гүнзгий нуур  ба байгалийн цэвэр усны хамгийн том нөөц юм. Цэвэр усны нөөц нь 23 мянган шоо километр бөгөөд дэлхийн цэвэр усны 19%-ийг эзлэж байна гэсэн үг. Усан талбайн хэмжээ нь 31722 хавтгай дөрвөлжин километр юм. Хамгийн гүн хэсэгтээ 1642 метр, дунд хэсэгтээ 744,4 метр юм. Тус нуурын урт нь 636 километр, өргөн нь 25-80 километр, эргийн урт нь 2100 километр билээ. Байгал нуурт 336 гол горхи цутгадаг ба ганцхан Ангар мөрөн л гадагш урсдаг юм. Байгал нуурын эрэг орчмын нутаг дэвсгэр гайхамшигтай сайхан ургамал, амьтны аймагтай юм. Байгал нуурын цэвэр тунгалаг ус нь асар их хүчил төрөгчтэй ба эрдэс давс бараг байхгүй болохоор нэрмэл усны оронд хэрэглэж болдог байна. Нутгийн иргэд болон ОУ-д олон хүн уламжлал ёсоор энэ нуурыг Байгал далай гэж нэрлэдэг юм.