"Оросын дуу хоолой" радио өнөөдөр

«Оросын дуу хоолой» радио нь 1929 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс гадаад орнууд руу нэвтрүүлэг явуулж байгаа радио нэвтрүүлгийн улсын компани юм. Засгийн газраас санхүүжүүлдэг. Дарга болон нэвтрүүлгийн албадын удирдагчдаас бүрддэг редакцийн коллеги тэргүүлдэг. Радио компанийн дарга нь  нэрт сэтгүүлч Андрей Быстрицкий. «Оросын дуу хоолой» радио үйл ажиллагаандаа засгийн газрын баталсан радио станцын дүрмийг удирдлага болгож, сэтгүүлчид мэрэгжлийн хувьд бие дааж ажиллана. Орос Улсын амьдралыг дэлхийн олон нийтэд танилцуулах, улс оронд болж байгаа үйл явдлын бодит дүр зургийг гаргаж, түүнийг сонсогчдод ойлгомжтой, ойр дөт болгох нь радио станцын гол зорилт юм. «Оросын дуу хоолой» радио өнөөдөр орос хэл, гадаадын 31 хэлээр нэвтрүүлэг явуулж байна. «Оросын дуу хоолой» радио улс орны амьдралын төрөл бүрийн салбарын тухай мэдээлэл бүхий 400 орчим нэвтрүүлэг дамжуулдаг. Гадаадын 160 орны сонсогч холбооны уламжлалт хэрэгсэл болон Интернетийн сүлжээний интерактив боломжийг ашиглан манай радио станцтай байнга холбоо барьж байдаг юм. «Оросын дуу хоолой» радио дэлхий дахин дахь сонсогчдынхоо талаар суурь мэдээлэлтэй. Дэлхийн олон арван орны социологийн судалгааны төвөөс хэрэгжүүлсэн онол-практикийн 1000 төсөл бүхий судалгааны ажлын сан ажилладаг. Өөрийн болон гадаадын мэдээний нийлбэр нь «Оросын дуу хоолой» радиогийн дэлхийн сонсогчдын тоог тодорхойлох боломж олгодог, гадаадын сонсогчид 100 сая гаруй байгаа юм. «Оросын дуу хоолой» радиогийн сонсогчдын дотор нийгмийн хувьд идэвхтэй нас - 31-55 насны хүмүүс зонхилдог, нийгмийн бүх бүлэгт төлөөлөлтэй – албан хаагчид (22-25% янз бүрийн орноор), Их дээд сургууль, дунд сургуулийн оюутан, багш нар (20-25%), уран бүтээлч сэхээтний төлөөлөгчид (10-18%), ИТА (10-14%), тэтгэврийнхэн (20-40%). Тэд нэвтрүүлэгт тогтмол ханддаг, долоо хоногт 2-3-аас цөөнгүй хандана. Янз бүрийн орон дахь сонсогчдын 80 хүртэл хувь Орос Улсын тухай мэдээг Орос Улсаас сонсохын тулд «Оросын дуу хоолой» радиог сонсдог, 60% нь оросууд өнөөдөр хэрхэн аж төрж байгааг мэдэх, 50% нь Орос улсын соёл, түүх, уламжлалын тухай нэвтрүүлэг сонсохыг хүсдэг байна. Бүс нутгуудад суугаа «Оросын дуу хоолой» радиогийн тавин сурвалжлагч Орос Улс, ТУХН, Балтийн тэнгисийн орнуудад болж байгаа үйл явдлын тухай сурвалжлагыг газар дээрээс нь бэлтгэдэг. «Оросын дуу хоолой» радио дунд, богино долгион, FM-ийн үелзлээр нэвтрүүлэг явуулдаг. Хамтын нөхөрлөлийн орнуудын нутагт 11 FM-станц ажиллаж байна. «Оросын дуу хоолой» радио компанийн хамгийн амжилттай шинэ төсөл нь гадаадад аж төрдөг орос хэлээр ярьдаг хүн амын хууль эрхийн асуудлыг шийдэхэд зориулсан «Орос Улс чамтай ямагт хамт» нэвтрүүлэг, «Оросын нэвтэрхий толь: Орос Улс А-гаас Я хүртэл» төсөл, оросын соёл иргэншлийн тухай түүх-соёлын мультмедийн төсөл юм. 1990 оноос орос, англи хэлээр телевизийн цуврал нэвтрүүлэг явуулж эхэлсэн. «Оросын дуу хоолой» радиогийн ТV студи соёл, түүхийн сэдвээр 100 орчим кино бүтээгээд байна. «Оросын дуу хоолой» радио нь сонсогчид хамгийн их сонсдог олон улсын радио станцын дотор Би-би-си, «Америкийн дуу хоолой» радиогийн дараа гуравдугаар байранд тогтмол орж байна. «Оросын дуу хоолой» радио дэлхийн хэд хэдэн том радиотой түншийн хувиар мэдээлэл солилцдог. Түншийн тийм холбоо нь «Оросын дуу хоолой» радиод шаардлагатай үед гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тухайлбал тусгай радио нэвтрүүлэг солилцох хэлбэрээр зар сурталчилгаа, танилцуулга болон бусад материал байрлуулахад найдвартай зуучлагч болох боломж олгож буй. «Оросын дуу хоолой» радиогийн нэвтрүүлэг Орос орны тухай мэдээлэл жич өгөх зорилготой. Сонсогчид манай радио станцыг улс орны амьдралын тухай еөрсдийн сонирхсон мэдээ олж авах хамгийн тохиромжтой, цензургүй, ардчилсан суваг гэж үздэг. Олон орны сонсогчдын хувьд «Оросын дуу хоолой» радио Орос Улсад болж байгаа үйл явдлын тухай үнэн лавтай мэдээлэл олгодог олон нийтийн мэдээллийн цорын ганц шуурхай хэрэгсэл болж буй. Тус радио компани нь Телерадио нэвтрүүлэгчдийн үндэсний холбоо, Европын нэвтрүүлгийн холбоо, Олон улсын тоот радио нэвтрүүлгийн хорооны гишүүн, Олон улсын радио нэвтрүүлэг сонсогчдыг судлах албадын олон улсын бага хурлын гишүүн юм.

МОНГОЛ УЛС РУУ НЭВТРҮҮЛЭГ ЯВУУЛДАГ ХЭЛТСИЙН ТҮҮХ

 Москвагаас монгол хэлээр явуулж байгаа нэвтрүүлэг 1946 оны гуравдугаар сарын 1-нд эхэлсэн. Москвагийн нэвтрүүлэг бүр анхнаасаа Монголын үндэсний нэвтрүүлгийн сүлжээнд орсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. «Оросын дуу хоолой» радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн редакцийн онцлог болсон бас нэг зүйлийг тэмдэглэмээр байна. Энэ нь сонсогчидтой маш нягт харилцаатай тогтоосон явдал юм. Монголд Москвагийн радиогийн нэвтрүүлгийг олон арван жил сонсож байгаа олон сонсогч бий. Монголын зарим нутагт «Оросын дуу хоолой» радио сонсогчдын анд нөхдийн клуб ажилладаг. Одоо «Оросын дуу хоолой» радио Москвагаас монгол хэлээр нийтдээ нэг цагийн нэвтрүүлэг явуулж байна.