Уг үйл явдлыг харсан хүмүүсийн мэдээллээр Волгоградын ихэнх оршин суугчид нийтийн тээврээр зорчихоос зайлсхийж хотоор явган явцгааж байна. Хүмүүс айж балмагджээ. Хямралт байдлын шинжээч, «Вымпел» тусгай анги салбарын ахмад зүтгэлтэн Лев Корольков юуны түрүүнд зам тээврийн аюулгүй ажиллагааны дэглэмийг бүрэн хангаж чадах боломжгүйн улмаас энэ бол террористуудын 1 зорилго байсан гэж тэмдэглээд:

"Тээврийн хэрэгсэл болгоныг эсвэл олон хүн цуглардаг газрыг туйлын хяналтад авах боломжгүй, үүний тулд бүх зүйлийг зогсоох: нийтийн тээврийг явахгүй болгож, худалдааны төвүүдийг хаан, вокзалууд ажиллахгүй байх хэрэгтэй болно. Гэвч энэ бол боломжгүй зүйл. Иргэд хүн амын дунд их хэмжээний хохирогчтой тийм терлийн цуурайт терактууд байдлыг тогтворгүй болгоход чиглэгддэг юм" гэжээ.

Дээрх терактуудын болзошгүй захиалагчдын хувьд гэвэл радикал исламын үзэл санааг сурталчлагч бүлгүүд байж болохыг шинжээчид тааварлаж байна. Гол чиглэл Ойрх Дорнодод бэхэжсэн олон улсын террорист шашны байгууллагуудаас гарч болох талтай гэж «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагад улс төр судлаач Алекс Коган мэдэгдээд:

"Энэ нь газар нутгийг салан тусгаарлахад ятган, аль болох хойд кавказийн нутаг дэвсгэрийг өөрийн хяналтад авч, тэднийг ирээдүйнхээ халифт улсын үржил шимт хөрс болгон хувиргахыг хүсэгчид байж болзошгүй юм. Сүүлийн үед тиймэрхүү байдал Ойрх Дорнод болон Хойд Африкт тохиолдох болсон" гэж тэмдэглэжээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний терроризмын эсрэг хороонд Оросын бүх нутаг дэвсгэрт болон тусгайлан Волгоград мужид аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нэлээд үүрэг даалгаврыг өгсөн байна. Ерөнхийлөгч Үндэсний терроризмын эсрэг хорооноос авч явуулж буй арга хэмжээ, мөн явц байдлын талаар өдөр тутмын шуурхай илтгэлүүдийг хүлээн авах болно.

Волгоградад 12-р сарын 31-нд хүүхдийн оролцоотой бүх баярын арга хэмжээнүүдийг цуцалсан байна. 2014 оны 1-р сарын 1-3 ны өдрүүдэд бус нутагт гашуудал зарлажээ.