Оросын сүүлчийн эзэн хаан II Николайн унадаг дугуй, Агуу Их Екатерина хатан хааны морь унахдаа өмсдөг байсан даашинзыг Сочид өвлийн олимпийн наадмын босгон дээр нээгдсэн «Спорт болон Романовын эзэн хааны гэр бүл» гэсэн хосгүй үзэсгэлэн дээр хүссэн болгон үзэх боломжтой юм. Хааны гэр бүлийн гэрэл зургуудаас авахуулаад 200 гаруй ховор нандин үзмэрүүдийг Санкт-Петербург орчмын «Петергоф» дархан цаазат музейгээс олимпийн нийслэлд авчиржээ.

Хэдийгээр судлах, хэлэлцэх материал хангалттай ч «Романовынхан болон спорт» гэсэн сэдэв урьд нь хэзээ ч үзэсгэлэнд тавих тусгай шалтаг болж байсангүй. Учир нь гагцхуу Романовынхны ачаар улс оронд теннис, туялзуур жад, сэлүүрт завь, дугуйн спорт зэрэг төрлийн спорт хөгжих болсон юм. Хааны удмын олон гишүүд спортыг сонирхож, өөрсдийн бие бялдрын хегжилд ихээхэн анхаарал тавьдаг байсан гэж «Петергоф» дархан цаазат музейн ерөнхий захирал Елена Кальницкая яриад:

Эхлээд энэ нь гадаа задгай агаар дахь тоглоом байжээ. Хожим I Петр хааны үед зайлшгүй биеийн тамирын бэлтгэл бүх цэргийн сургуульд хэрэгжсэн байна. XIX зуунд дугуйн спорт хөгжлөө авч, теннисний талбайнууд баригдах болсон. Ямар нэг нь Англиас, зарим нэг нь Францаас ирсэн байна. Эзэн хааны эрэгтэй талын ойрын төрлүүд болох бүх Агуу тайжууд өөрийн бие бялдрын хөгжилд анхаарал тавьсаар иржээ. Эмэгтэйчүүд нь ч мөн адил теннис, сэлүүрт завиар явах, крокет (тусгай урт иштэй алх мэт цохиураар бөмбөгийг хаалганд оруулах тоглоом) зэрэг спортоор хичээллэдэг байсан юм. XVIII зуунд ан хийх нь спортын төрөлд тооцогддог байлаа. Оросын маш олон хатан хаад, ялангуяа Анна Иоанновна анд хорхойтой байжээ. 1730 онд I Петр хааны ач хүүгийн дараа хаан ширээнд заларсан хорхойтой анч Анна Иоанновна цэнэгтэй буу үргэлж өлгөөтэй бэлэн байлгаж, хэрэв ордны хажуугаар шувуу нисэн өнгөрвөл хатан хаан бодолгүйгээр бууддаг байсан байна. Хатан хаан өөрийн үр чадвараа ердийн зүйл дээр ч туршин сайжруулдаг байлаа. Үзэсгэлэнд айлчлагчид хатан хааны мэргэн ончийг Петергофийн Монплезира ордны хавтанг буудсан жишээг хосгүй үзмэрийн цуглуулгаас үзэж үнэлж болно. Сэглэгдсэн хавтан эртний дурсгалт түүхийн эд зүйлсийн зөвхөн нэгээхэн хэсэг бөгөөд үзмэрийн бараг 90% нь анх удаагаа тавигдаж байгаа юм.