ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдлын албаны төлөөлөгчид Ташкентэд терроризм, сеппаратизм болон экстремизмтэй тэмцэх салбарт шуурхай мэдээлэл солилцох асуудлаар чуулав.

Уулзалт ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн гүйцэтгэх хорооны /ТЭБГХ/ хуралдааны хүрээнд болжээ. Хуралдаан дээр ШХАБ-ын ТЭБГХ-ны Гүйцэтгэх захирал Жан Синьфэн илтгэл тавьсан тухай тус байгууллагын хэвлэлийн албанаас уламжлав.

Уулзалтанд оролцогчид ШХАБ-ын бүс нутгийн аюулгүй байдлын салбарт шуурхай байдлыг хөгжүүлэх асуудлаар ярилцан хэлэлцэв.

Тэд “Дорнод Түркестаны лалын хөдөлгөөн”, “Лалын шашны Жихадын холбоо” болон бусад террорист, сепаратист болон экстремист бүлгэмүүдийн өвөрмөц үйл ажиллагаа судлан дүгнэв. Түүнчлэн Орос улсын Сочи хотноо зохиогдох Олимпийн наадмын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэн ярилцжээ.

ШХАБ-т Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан,Узбекистан улсууд ордог. Афганистан, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан улсууд нь ШХАБ-ын ажиглагч орнууд бөгөөд Беларус, Турк, Шри-Ланка харилцан ярианы түнш улсууд ажээ.