Башар Асадын хүчний ялалт Сири Улсын хувьд боломжийн шилдэг хувилбар болно гэсэн санал өрнөдэд зонхилж байна. Европын ба америкийн албан хүмүүс энэ тухай ил шууд өгүүлэхгүй байсан ч сирийн самуун дэгдээгчдэд үзүүлэх тусламжаа аажмаар багасгаж байна. Харин Дамаск химийн зэвсгээ устгах тухай хэлэлцээрийн болзолыг тууштай биелүүлсээр байна. ОУ-аас энэ үйл явцыг аюулгүй болгоход туслах юм.

Сирийн химийн зэвсгийг Латакиас европын нэгэн боомтод аюулгүй тээвэрлэхийн тулд ОУ-аас байлдааны хөлөг онгоцоо олгох юм. Энэ боомтод хорт бодисыг америкийн тусгай тоног төхөөрөмжтэй хөлөг онгоцонд ачиж устгах тухай энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдээлэв. Сирийн химийн зэвсгийг италийн эрэг хавьд устгах тухай Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэдэх Оросын төлөөлөгчдийн газрын удирдагчийн нэг Василий Титушкин өгүүллээ. Самуун дэгдээгчдийн өдөөн хатгалгаас сэрэмжлэхийн тулд оросын байлдааын флотыг оролцуулах нь чухал юм. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад тотгор учруулна гэж радикал үзэлтнүүд сирийн химийн зэвсгийг устгах хэлэлцээр Женевэд байгуулмагц амласныг дурдая.

Босогч гэгчдэд хандах өрнөдийн хандлага аажмаар өөрчлөгдэж байна. Асадын ялалт Сирид ашиг тустай болно гэж шууд ярьцгааж эхэллээ. Стратегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко хэлэхдээ: «Хүн амын үлэмж хэсэг нь Башар Асадыг дэмжиж байгааг одоо бараг бугд ойлгосон шиг байна. Радикал лалынхан сөрөг хүчний эгнээнд зонхилж байгаа нь өрнөдийнхнийг айлгав. Асадын дэглэм дампуурвал энгийн сөрөг хүчин лалынхныг сөрөн зогсож чадахгүй» гэв.

Асадыг огцоруулах явдлыг өрнөдийнхөн байдлыг хэвийн болгох зайлшгүй болзол хэмээн үзэхгүй байгааг саяхан Лондонд «Сирийн анд нөхөр» гэгчдийн уулзалт дээр сөрөг хүчинд анх удаа мэдүүллээ. Тэр ч байтугай Асадын ялалтыг боломжийн шилдэг хувилбар хэмээн үзэж байна гэж «Ройтер» агентлаг хэлэлцээ хийгчдийн мэдээллээс иш татан уламжлав. Гэвч удалгүй Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф энэ мэдээллийн няцаав. Түүний хэлснээр Асад албан тушаалаа орхих ёстой. Тэрээр шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнд орох ёсгүй гэж АНУ үзэж байна. Гэвч Харфын уг яриа америкийн удирдлагын саналыг бүрэн тусгахгүй байгаа бололтой гэж Гадаад, батлан хамгаалах бодлогын зөвлөлийн тэргүүн Фёдор Лукьянов үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Сөрөг хүчний ялалт бусад бүх хувилбараас дор гэж одоо америкийн эрүүл ухаантай мэргэжилтнууд ярьцгааж байна. Ямар байсан ч Асад засгийн эрхэнд гарсан үед сирийн байдал тогтвортой байсан. Тэрээр ялвал асуудлын шийдвэрийг ядаж тур хойшлуулж болно. Гэвч өрнөдийн нэг ч улс төрч энэ тухай албан ёсоор зарлан мэдээлэхгүй. Юу гэвэл түрүүчийн хэдэн жил юу хийж байсан бэ? гэсэн асуудал тавигдана» гэлээ.

Босогчдын хэт радикал бүлгүүд Асадтай сөргөлдөх ажиллагаанд эн түрүүнд гарсан явдал өрнөдийн орнуудын байр суурийг өөрчлөхэд нөлөөлэв. Сүүлийн үед радикал хүчин засгийн газрын цэрэгтэй төдийгүй аядуу бодолготой сөрөг хүчинтэй байлдан дайтаж байна. Саяхан лалынхан Сирийн чөлөөт армийн зэвсгийн агуулахыг булаан эзлэсний дараа энэ арми гэгчийн удирдагч зугтаж зайлав. Байлдааны нисдэггүй техникийг самнуун дэгдээгчдэд нийлүүлэхээ больно гэж АНУ, Их Британи хоёр үүнтэй холбогдуулан мэдэгджээ. .