Сочид уулын цанын сезон гараагаа эхэллээ. 2-р сард олимпийн тэмцээнүүд эхлэх «Красная поляна» дахь «Роза хутор» амралтын газар цаначид болон сноубордистуудад зориулан лут том баярыг зохион байгуулжээ. Сочигийн оргилд хүүхэд, насанд хүрэгчид, мэргэжлийн болон сайн дурын сонирхогчид, мөн «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч нар сезоныг нээлээ.

Энэ жил «Красная полянад» 12-р сарын эхнээс ууланд цас унаж, хүйтрэн цагийн хуваарийн дагуу өвөл иржээ. Бусад бүх дэд бүтцийн адилаар зам сезоны нээлтэд аль хэдийн бэлэн болсон байна. Нээлтэд оролцож буй Оросын дэд сайд Дмитрий Козакийн хэлснээр, «Красная полянад» бараг хоосон байсан газарт европын түвшинд дүйцэхүйц уулын цанын амралтын газрыг байгуулжээ.

«Олимпийн наадмын ач буянаар асар богино хугацаанд хосгүй амралтын газар, тэр ч бүү хэл бүхэл бүтэн амралтын сүлжээг барьж байгуулсан юм. Манай улсын оршин суугчид болон зочид бүтэн жилийн турш амарч, спортоор хичээллэхэд зориулан барьжээ. Би та бүхэнд энэ үйл явцыг холбогдуулан баяр хүргэе!» гэж Дмитрий Козак хэллээ.

Уулсын завсар, Мзымта голын эрэг дагуу зочид буудал, ресторануудтай тохитой гудамж баригджээ. Сийлбэрлэсэн эрээн алаг байгалийн материалаар хийсэн нүүрэн талтай, хурц орой, арк, багана, цамхагтай, талбай болон явган замаар улаан зам дэвссэн нь оросын шинэ амралтын газарт онцгой төрхийг бий болгоход чиглэгджээ.

Уулын цанын сезоны нээлтийн өдөр «Роза хутор» луу ер бусын спорт сонирхогчид төдийгүй урьд өмнө цанаар гулгаж үзээгүй хүмүүс хүртэл хүрэлцэн ирсэн нь тохиолдлын биш юм. Тэдний илэрхийлснээр, энд зүгээр зугаалах, тохилог кафед зооглон, шоу-хөтөлбөрт оролцох нь тааламжтай юм.

Гэвч гол үйл явдал хүүхэд, шинээр суралцагч, мэргэжлийн тамирчдын хэний ч сонирхолд нийцэхээр баригдсан зам дээр болох нь гарцаагүй. Олсон замаар өгсөнгүүт зочид юуны өмнө хамгийн бяцхан цаначдыг зааварлагчид уулын спортын үндэс суурьтай танилцуулах тусгай цасны талбайд буух болно.

Хэдэн арван метр дээшлэхэд цана, сноубордын туршлагатай хүмүүст зориулсан зам байх юм. Сочигийн оршин суугч Алина Себрикова тун удахгүй бүх дэлхийн шилдэг тамирчдын уралдах олимпийн зам дээр Шинэ жилийг угтахаар төлөвлөж байна.«Цас ихтэй сайхан байгаа нь баярлуулж байна. Шинэ жилээр 2 метрт хүрэх байх гэж найдая» гэж ярилаа.

Одоогийн байдлаар тус амралтын газарт янз бүрийн түвшний 77 км цанын замыг тавьжээ. Өндөрлөгийн зөрөө 1500 метрээс илүү бөгөөд буултуудын хооронд зорчиход таатай байхын тулд 16 өргөгч ажиллаж байгаа юм. Үүнээс гадна тэнд замыг хиймэл цасжуулах систем байгуулагджээ.

Энэ нь 404 суурин, 25 зөөврийн цасны их буу суурилуулснаар уулын цанын сезоныг жилд 180 хоног хүртэл үргэлжлүүлэн хангах юм. Гэвч 2014 оны өвлийн сезон спорт сонирхогчдын хувьд 3 долоо хоногоор богино 1-р сарын 6 хүртэл байх болно, учир нь спортын гол үйл явдал Олимпийн наадмын бэлтгэл ажил эхлэх юм.