Умард Солонгосын элитын доторхи засгийн эрхийн төлөө тэмцлийн уршгаар Чан Сон Тхэкыг баривчилж цаазалсан хэрэг явдал БНАСАУ-ын улс төрийн чиг бодлогод мэдэгдэхуйц өөрчлөлт гаргах төдийгүй Зүүн Азийн ирээдүйд зохисгүй нөлөөлж мэднэ.

Одоо Умард Солонгосоос зөрчилтэй мэдээлэл ирээд байна. Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ыг шүүмжилсэн нь сонин үйл явдал боллоо. Юу гэвэл тус улс БНАСАУ-ын гадаад худалдааны гол түнш олон жилийн турш байгаа төдийгүй хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хүнс нийлүүлэх гол түнш болсон юм.

Хятадыг хоёр удаа шүүмжилсэн байна. Чан Сон Тхэк «улс орныхоо үнэт нөөцийг маш хямд үнээр худалдсан» гэж 12-р сарын 9-нд түүний хэрэгтэй холбогдуулан хийсэн мэдэгдэлд өгүүлжээ. Хятад Улс бол умард солоногосын эрдэс нөөцийн цорын ганц худалдан авагч юм.

Иймээс энэ нь БНАСАУ-тай шудрага бус худалдаа хийж байна гэж Хятадыг шүүмжилсэн хэрэг юм. Тус мэдэгдэл ор үндэстэй байх эсэхээс үл шалтгаалан хятадын засгийн газар болон олон нийтэд таалагдахгүй бололтой.

Хожим Чан Сон Тхэкын талаархи шүүхийн шийдвэр иймэрхүү зэмлэл агуулжээ. Тэр «Расон эдийн засгийн тусгай бүст өмчлөх эрх гадаадын гүрэн улсад 50 жилээр олгосон» гэж мэдэгдсэн байна. Хятад, Орос улсууд Расон эдийн засгийн бүст үл хөдлөх хөрөнгө түрээслэх эрхтэй байгааг нийтээр мэднэ. Иймээс дээрх зэмлэл эдгээр хоёр улсын нэгэнд хамаатай байна. ОУ-аас умард солонгосын гадаад худалдаанд ялимгүй үүрэг гүйцэтгэж байгааг харгалзвал Хятадад л хамаатай байгаа бололтой.

Эдгээр мэдэгдэл анхаарал татав. Ямар учраас БНАСАУ гадаад худалдааны нь барагцаалбал дөрөвний нэг нь ноогдож буй улсыг шүүмжилж байна вэ? гэж шинжээчид гайхаж байна. Одоо энэ асуудалд итгэлтэй хариулах аргагүй. Гэвч таамаглаж болно.

Чан Сон Тхэкыг түлхэн унагах ажиллагааг зохион байгуулагчид Умард Солонгост тархсан Хятадын эсрэг үзэл санааг ашиглахаар шийдсэн бололтой. Чан Сон Тхэк Хятадтай хийх худалдааг үнэхээр хариуцаж байсан болохоор ийм зэмлэл учир үндэстэй мэт санагдана.

Хятад Улс эрчимтэй хөгжиж, улам хүчтэй болж байгаа явдал умард солонгосын элитийн нэг хэсгийг түгшүүлсэн хийгээд тэд ивээн тэтгэгч хөрш улсыг аюулын голомт хэмээн үзэж байна. Ийм нөхцөлд Чан Сон Тхэк Хятадтай хуйвалдсан гэх нь түүнд ба түүний ажиллагаанд улам дургүйцэхэд хүргэнэ.

Мэдээжээр эдгээр зэмлэл Хятадад таалагдахгүй. Дотоод улс төрийн тэмцэл гаарсан нөхцөлд Умард Солонгос дипломат хор холбогдолыг тоомсорлохгүй байгаа бололтой.

БНАСАУ-ын дипломат ажилтнууд Өмнөд Солонгос, АНУ хоёрын талаар үргэлж амжилттай хэрэглэж ирсэн арга барилаа одоо БНХАУ-ын талаар хэрэглэх санаатай байж магадгүй. Энэ нь эхлээд байдлыг түгшүүртэй болгож, хямрал тулгарсныг мэдрүүлж, дараа нь энэ хямрал гэгчийг зохицуулсаны хариуд нөгөө талаас найр тавиулахыг оролдох арга барил билээ.

Бээжинтэй хамтран ажиллах өнөөгийн болзол Пхеньянд таалагдахгүй байна. БНХАУ Умард Солонгосын эдийн засагт зонхилох өнөөгийн байр сууриа алдахгүйн тулд найр тавих ёстойг энэ удаа Хятадыг шүүмжлэсэн явдал харуулах ёстой.

Энэ нь сайтар бодсон төлөвлөгөө биш улс орны нь эдийн засаг Хятадын хяналтад аажмаар шилжих үйл явцыг ажиглахад дургүйцсэн Ким Чен Уны шадар этгээдүүдийн сэтгэл хөдөлсэн хариу байж магадгүй.

Эдгээр мэдэгдэл БНАСАУ, БНХАУ-ын хоорондын харилцааг үнэн хэрэг дээр хүндрүүлэх үү? Энэ нь солоногосын тал дээрх мэдэгдлээр ажиллагаагаа хязгаарлаж эсвэл ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авч тухайлбал Чан Сон Тхэкын байгуулсан хэлэлцээрүүдийг хянаж үзэхийг хятадын талаас шаардах эсэхээс шалтгаалах юм.

Ийнхүү шаардлага Хятадтай харилцах харилцаанд ноцтой хямрал гаргаж, умард солонгосын эдийн засгийн салбарт түвэг бэрхшээл гарцаагүй үүсгэж мэднэ. Нөгөө талаас зарлан тунхагласан зүйл Бээжинд дургүйцэл төрүүлсэн ч аюултай хор уршигтай болохгүй. Эдүгээ Солонгосын тогтвортой байдал БНХАУ-ын ашиг сонирхолд нийцэж байна.