Ираны цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудал, Сирийн асуудлаар бага хурал явуулах зорилт болон Украины байдал. Эдгээр нь Оросын улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын “Россия-24” телевизийн сувагт өгсөн ярилцлагын гол сэдвүүд байв.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хүрсэн тохиролцооны хэрэгжилтийг Европын холбоо удаашруулж байна гэж Оросын гадаад хэргийн сайд үзэж байна. 11-р сарын сүүлчээр Женевт Иран болон олон улсын зууч зургаа буюу АНУ, ОХУ, Хятад, Их Британь, Франц болон Германы оролцоотой яриа хэлэлцээрийн үеэр уг баримт бичгийг байгуулсан. Эхний шатанд Иран улс ураны баяжуулалтаа эрс бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний хариуд АНУ болон ЕХ-ны талаас олон улсын хориг аажимдаа буурах ёстой юм. Харамсалтай нь, энэхүү шатны хэрэгжилтийн эхлэл сунжирч байна гэж Сергей Лавров уламжлав.

ЕХ-оос бидэнд эдгээр тохиролцоог ЕХ-ны бүх гишүүн орнууд дэмжсэн байх ёстой гэж уламжлав. Үүнийг хамгийн ойроор 12-р сарын 16-нд шийдэх боломжтой аж. Гэхдээ европын холбооныхон энэ удаа эл багцыг дэмжиж чадахгуй гэх шинж тэмдгүүд байна. Тэгвэл асуудал 1-р сард шилжигдэнэ. Өөрөөр хэлбэл, эхний шатны хэрэгжилт нэг сараар хойшлогдоно. Эл байдал биднийг түгшээж байна “бүгд л түүхэн хэмээн нэрлээд байсан өнөөх тохиролцоог дэмжих гээд хэдэн долоон хоног хойшилдог тийм туулж давшгүй ямар саад байна вэ” гэж бид ЕХ-ны манай түншүүдээс лавлахыг эрмэлзэж байна.

Сергей Лавров ярилцлагадаа, Сирийн байдал болон ирэх онд явуулах ёстой “Женев-2” бага хурлын бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг ч хөндөв. Уг бага хурлыг зохион явуулах санаачилга өнгөрсөн 5-р сард гарсан ч, явуулах товууд нь нэг бус удаа өөрчлөгдсөн. Энэхүү бага хурлыг явуулах зорилго бол тус улсад бараг гурван жил үргэлжилж байгаа иргэний дайныг зогсоохын тулд сирийн мөргөлдөөнд оролцогч бүх талуудыг яриа хэлэлцээний ширээний ард нэгтгэн суулгахад оршино.

12-р сарын 20-нд Женевт АНУ, НҮБ болон АЗ-ийн байнгын гишүүн орнууд, Арабын орнуудын Лиг болон Түркийн төлөөлөгчдийн оролцоотой сүүлчийн бэлтгэл уулзалтыг явуулна.

Бидний хувьд бол баримталж буй нэг үндсэн чиг бий. Тэр бол Сирийн химийн зэвсгийг хорогдуулах процессыг дэмжсэн НҮБ-ын АЗ-ийн 2118 тогтоол юм. Тэрхүү тогтоол бүрэн хэмжээгээрээ хэрэгжиж байгаа бөгөөд энд ямар нэгэн бэрхшээл үгүй юм. Энэхүү тогтоолоор “Женев-2” бага хурлыг явуулахыг дэмжсэн бөгөөд харилцан ярианд сирийн нийгмийн бүх талын төлөөлөгчид оролцох ёстой юм гэдгийг онцлов. Иймд сөрөг хүчнээс томоохон асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй ямар нэгэн бүтэц бус, харин тэдгээрийн бүх төлөөллийг оролцуулах нь чухал юм.

Сергей Лавров сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаалууд сар гаруй үргэлжилж байгаа Украины байдалтай холбоотой асуудлыг тайлбарлав. Сөрөг хүчин украины засгийн газрын ЕХ-той байгуулах гэрээг үзэглэхээс татгалзсаныг эрс буруушааж байна. Энэ асуудал дээр сөрөг хүчнийг европын болон америкийн улстөрчид нээлттэй дэмжиж байна.

Үүнтэй холбогдуулан Сергей Лавров Орос болон Европын байр сууриудын хоорондын ялгаан дээр төвлөрч ярив. Орос улс украины ард түмний хийсэн сонголтыг бүгд хүндэтгэх ёстой гэж үзэж байна. Европчууд бүгд Европд ашигтай Украины сонголтыг хүндэтгэх ёстой гэж ярьж байна. Эдгээр нь гунигтай дүгнэлтэнд хүргэж байна гэж оросын гадаад хэргийн сайд цохон тэмдэглэв.

Сергей Лавров “Украины асуудлыг” 12-р сарын 16-нд Европын түншүүдтэйгээ хэлэлцэхээр төлөвлөж байна. Брюссельд Орос улс болоод ЕХ-ны орнуудын гадаад хэргийн сайд нарын түвшний Түншлэлийн байнгын зөвлөлийн хуралдаан болно.