Өмнөд Солонгосын Самсунг үйлдвэрлэлээ Хятадаас Вьетнамд шилжүүлж эхэллээ. Дэлхийн томоохон смартфон үйлдвэрлэгч, компаний нийт гаджетийн гуравны нэгийг үйлдвэрлэх үйлдвэрийг 2015 онд тэнд нээх юм.

Өмнө нь Хятадад ажиллаж байсан америкийн 2 компани бүрийн 1 үйлдвэрлэлээ Америкт буцаах буюу тийм боломжийг харгалзан үзэхээ мэдэгдсэн билээ. Гол шалтгаан нь үйлдвэрлэлийн зардлыг багасгах шаардлага юм. Гэвч бас бус тайлбарууд бий гэж оросын шинжээчид баталж байна.

Самсунг хятадын ажилчдад өндөр цалин төлөхийг хүсэхгүй байгаа юм. Вьетнамд мөн адил хөдөлмөр 3 дахин хямд юм. Иймээс шинэ үйлдвэрийг Хятадад биш Ханойгаас хойд зүгт орших Тхайнгуен мужид барих талаар тохиролцоо яригдаж байна. Энэ шалтгаанаар өндөр технологийн Нокиа, Интел компаниуд өөрсдийн үйлдвэрлэлийнхээ заримыг шилжүүлжээ.

Гэсэн хэдий ч Дорнозүйн Хүрээлэнгийн шинжээч Александр Воронцовын үзэж байгаагаар эхний ээлжинд хөрөнгө оруулалтын асар том матрицийн дахин шинэчлэлттэй холбоотой асуудал яригдаж байгаа юм гээд:

«Урт хугацааны стратегийг боловсруулж хэрэгжүүлэх чадвартай том фирмууд аль болох хөрөнгөө тараан байрлуулах чиг хандлагыг баримталдаг. Зарим хөрөнгө оруулалт гадагшилж байхад зарим нь ирээдүйд ашиглагдахаар үлдэж байдаг.

Самсунг зарим талаар том зах зээлийн тийм тоглогчид хамаарагдах юм. Тэд Хятадыг маш ирээдүйтэй зах зээлд харгалзан үзэж байгаа тул гол түнш хэвээр үлдэх болно. Хамтын ажиллагаа, хөрөнгөө ашиглах болон хөрөнгө оруулалтын нөхцөлүүд л өөрчлөгдөж байгаа юм.

Гэвч хаалга саван Хятадаас гарч явах нь том бизнес эрхлэгчдийн хувьд Хятадтай тийм байдлаар харьцах бодлогыг эрхлэхгүй нь лавтай хэрэг» гэж тайлбарлалаа.

Гэсэн ч анхлан үзэхэд шуугиант гэмээр The Boston Consulting Group-ын явуулсан 200 топ менеджерүүдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн бий. Түүний дагуу америкийн 2 компани тус бүрийн нэг нь үйлдвэрлэлээ Хятадаас АНУ-д буцаах буюу тийм боломжийг авч үзэх тухай санаархаж байгаа юм.

Тэдний гол шалтаг нь Хятадын ажиллах хүчний үнэ өссөн, үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд ойртуулах болон бүтээгдэхүүний чанар юм. Гэсэн ч америк-хятадын эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцсон геополитик өөрийн санаагаа илэрхийлсэн гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын Хүрээлэнгийн шинжээч Александр Ларин үзэж байна.

Америкийн улс төрчид ч хамгийн өндөр түвшинд нэгэн дуугаар америкийн компаниудыг нутагтаа буцан ирж, ажлын байрыг Хятадад биш харин АНУ-д бий болгохыг илүү их уриалах болсон юм.

«Энэ тухай аль эртнээс америкийн улс төрчид ярих болсон. АНУ, Хятад хоёр хэдийнээс нэлээд хатуу эсрэг тэрсэлдэлд орж, Америкийн улс төрчид, тоймчдын аман дээр Хятадыг тогтоон барих талаар ярих болсон байна. Мөн Хятадад ч Америкийн тийм бодлогод шилжсэнийг тааламжгүйгээр ярих болсон юм. Энэ бүхэн АНУ-ын бизнес Хятадаас явах гэх мэт жинлүүрт нэмэлт туухай болж өгчээ» гэлээ.

Улс төр, эх оронч үзлийн мэдрэмж хэт ихсэн нь Хятадад бизнес хөгжүүлэх гэсэн японы нэлээд хэмжээний томоохон компаниудын итгэл найдварыг арчин хаяж байгаа юм. Хятадын бэртэгчин үзэлтнүүд бүх япончуудад сөрөг харилцаа бий болгож Зүүн-Хятадын тэнгис дэх Дяоюйдао арлыг тойрсон маргааны хурцадлаас тэд буцахаас өөр арга замгүй болжээ.

Газар нутгийн маргааны сүүдэр тэр ч бүү хэл японы бизнесийн халимууд болох Тойота, Ниссан концернуудыг ч бүрхэж, тэд эрэлт хэрэгцээ унаснаас Хятадад үйлдвэрлэлээ хааж байгаа юм.

Гагцхүү улс төрийн учир байдлыг эргэн харсны дунд Хонда шинэ үйлдвэрээ Хятадад биш Тайландад барих болжээ. Индонез ч Хятадаас 230 сая долларын Тойотагийн хөрөнгө оруулалтыг нь булаан авчээ. Энэ тухай Бээжин,Токиогийн хооронд газар нутгийн маргаан ид өрнөж байх үед тодорхой болсон юм.