Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрийн баатар Алсуг оросын эстрадын хамгийн таагдашгүй, даруу, дэгжин тансаг дуучдын нэг гэж нэрлэдэг юм. Тэрээр нэрийн хуудас нь болсон «Өвлийн зүүд» хэмээх уянгын дуулиа дуулсны дараа алдаршсан билээ. Та бүхэн энэ дууг таалан сонсоно уу! (Дуу)

Алсу 1983 онд Оросын Татарстан улсын Бугульма хотноо төржээ. Бяцхан охин байхдаа тэрбээр эцэг эхийн хамт Тюмень мужид амьдарч байгаад хожим нь түүний амьдрал Москва, Лондоны хооронд өнгөрөх болжээ.

Сургуулийн он жилүүдэд Алсу хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын ангид суралцаж төгсчээ. Их Британий нийслэлд тэрбээр зураг, тоо, бизнесийн хичээл голлон ордог уран зургийн колледжид суралцаж байжээ. Харин дуулахыг Алсу үргэлж хүсдэг байлаа. Нэгэнтээ 15 настай охин москвагийн алдартай продюсерын анхаарлыг татжээ.

Зөөлөн хоолойн өнгө, үнэн сэтгэлээсээ дуулж байгаа нь түүнд таалагдсан байна. 1999 оны 12-р сарын сүүлээр Алсу Оросын хотууд болон ойрын гадаад орнуудаар анхны аялан тоглолтоо хийжээ. Томхон эстрадын тухай түүний хүүхэд үеийн мөрөөдөл амьдралд биелж эхлэх нь тэр.

Манай нэвтрүүлгийг үргэлжлүүлэх түүний дуу «Мөрөөдөл» нэртэй юм. (Дуу)

2000 оны 5-р сард Алсуд алдар хүндтэй телевизийн «Евровидение» дууны уралдаанд Орос орныг төлөөлөн оролцох аз завшаан тохоожээ. Уралдаан явагдах үед Алсу ердөө л 16-хан настай байсан ч, турьхан залуухан энэ охин сандарч тэвдэлгүйгээр Орос орныг нэр хүндтэйгээр төлөөлөн 2-р байр эзэлсэн юм.

Түүний тухай бүх дэлхий даяар ярих болж, тэрбээр АНУ, Европын орнуудаар аялан тоглолтоо хийжээ. Монголын нийслэл Улаанбаатарт түүний концерт асар их амжилттайгаар болж өнгөрч, алдарт «Заримдаа» эвлүүлгээ дуулахад үзэгч олон түүнтэй хамт түрэн дуулсан юм. (Дуу)

Алсу уран бүтээлийн карьераа хандив, сайн үйлстэй идэвхтэй хослуулдаг бөгөөд сургууль эмнэлэг сэргээн босгох, сүм хийд барих, мөн бүх дэлхийн ядуу хүмүүст тусламж үзүүлэх зэрэг ажиллагаа явуулдаг «Солонго» санг үндэслэгчдийн нэг юм.

Түүний хүмүүнлэг үйл ажиллагаанаас Японд болсон газар хөдлөлтийн гамшиг сүйрэлд өртсөн хүмүүст тусламж болгон хийсэн хандивийн тоглолтыг дурдаж болох юм. Алсуд «ЮНЕСКО-ийн энх тайвны төлөө жүжигчин» цолыг хүртээжээ.

Татарстаны ардын жүжигчин Алсу өөрийн төрсөн газраа мартдаггүй бөгөөд тэнд түүний концерт асар их амжилттай болдог билээ.

Ингээд манай өнөөдрийн хөтөлбөрийг оросын эстрадын алдарт дуучин Алсу «Үүлэн дээгүүр нисч яваа» эвлүүлгээр өндөрлөж байна.(Дуу)