Эдүгээ  цаг агаар дулаарч, Гадаад далайн түвшин дээшилж байна. Үүний уршгаар энэ зууны эцэс гэхэд усны түвшин дунджаар 1 метрээр дээшилнэ гэж Дэлхийн онгон байгалийн фондын илтгэлд өгүүлжээ. Олон бүс нутаг усанд авахуулж мэднэ.

3 дахь мянганд Гадаад далайн түвшин 3-5 магадгүй 10 метрээр дээшилж болзошгүй. Мэдээжээр энэ нь хэтийн барагцаалсан тоо хэмжээ юм. ХХ1 зууны шувтаргаар усны түвшин гарцаагүй 1 метрээр дээшилнэ.

Агаар дулаарах үйл явцыг зогсоохгүй бол ХХ11 зууны эцэс гэхэд Гадаад далайн усны түвшин бүр 3 метрээр дээшлэх юм. Энэ үзүүлэлт хүний үйл ажиллагаанаас бүрэн шалтгаална гэж Дэлхийн онгон байгалийн фондын цаг уурын программын удирдагч Алексей Кокорин тэмдэглэн хэлээд:

«Ер нь Гадаад далайн түвшин бүр 10 метрээр дээшлэх нь хүн төрөлхтөнд аюултай биш. Гэвч усны тувшин 1 метрээр дээшилвэл дэлхийн зарим нутаг, хот, жижиг арал, шүрэн арлууд сөнөх юм. Харамсалтай нь одоо ямар ч арга хэмжээ авсан ч Мальдивын арлууд үгүй болно.

Усны түвшин дээшлэх явдал гол төлөв Зүүн-өмнөд Ази тухайлбал Калькутта, Бангкок, Шанхай, Хонконгод аюултай. Эдгээр хот усны түвшин 3 метрээр дээшилвэл усанд авахуулна. Усны түвшин 1 метрээр дээшлэх нь оросын Санкт-Петербургад аюултай биш. 3 метрээр дээшлэх явдал хамгаалах барилга байгууламжуудад маш их хэмжээний хөрөнгө төсөвлөхийг шаардана» гэлээ.

Эдүгээ бүгд «ногоон» энергид шилжиж, агаарт хаях хорт хаягдлыг багасгах ба өөр арга барилаар агаарын дулааралыг зогсоовол их хэмжээний хохирол хүлээхээс сэрэмжилж болно гэж Дэлхийн онгон байгалийн фондынхон үзэж байна.

Гэвч дэлхийн агаарын дулаарал хүний үйл ажиллагааны уршиг хэмээн мэргэжилтнууд тэр болгон үзэхгүй байна. Ийм дүгнэлт хийхэд мэдээлэл, баримт дутагдаж байна гэж «Фобос» цаг уурын төвийн тэргүүлэх мэргэжилтэн Елена Волосюк үзэж байна. Тэрээр хэлэхдээ:

«Зөвхөн сүүлийн 50 жилийн мэдээ баримтуудыг үндэслэн дэлхийн агаарын дулааралын талаар дүгнэлт хийх нь зүйд нийцэхгүй байна.

Юу гэвэл температур хоног, жилийн турш хэлбэлздэг. Сүүлийн хэдэн арван жилд агаар дулаарч байгаа үйл явц үргэлжилвэл, цаг уурын бүс өөрчлөгдэж, Гадаад далайн түвшин дээшлэх юм.

Агаар дулаарвал уулын мөсөн оргил хайлана. Энэ нь усны давслаг чанарт нөлөөлж, Гадаад далайн усан хөлдөх температурыг өөрчлэх юм. Мөн үзэгдэл газар дэлхийн гадаргын температурт нөлөөлнэ» гэлээ.

Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн цаг уурын өөрчлөлтийн асуудлаархи бага хурал дээр үг хэлэхдээ өнөө үеийнхэн агаар мандалд урьд үзэгдээгүй нүүрс хүчлийн хий нөөцлөгдсэн нөхцөлд амьсгаалж байна. Уулын мөсөн оргил одоо маш хурдан хайлж байна гэж тэмдэглэв.

Тэрээр улс орнуудад хандан экологид их анхаарал тавьж, агаарын температурыг Цельсийн шаталбараар 2 хэмээс илүү хэмжээгээр нэмэгдүүлэхээс сэрэмжлэхийн тулд бололцоотой бүхнийг хийхийг уриалав.