Олимпийн Сочи хотоор зорчиход хамгийн тохиромжтой нь нийтийн унаа юм. Хөгжөөн дэмжигчдэд олон тооны автобус, галт тэрэг үйлчлэх болно. Харин өвлийн Наадмын нийслэл руу хувийн машинаараа явахгүй байх нь дээр. 1-р сарын 7-оос 3-р сарын 21-ний хооронд аливаа «олимпийн бус» тээврийн хэрэгслийг эргийн дагуух болон уулын цогцолборын ойролцоох нутаг дэвсгэр луу оруулах нь хязгаартай юм.

Олимпийн гол тээврийн хэрэгсэл нь галт тэрэг, цахилгаан тэрэг байх бөгөөд гагцхүү Хар тэнгисийн эрэг дагуу явсан төмөр замаар ердөө л хагас цагийн дотор хотын төвөөс эрэг дагуух цогцолборт хүрэх боломжтой юм.

Красная поляна хүрэх замд цаг хагасыг зарцуулах болно. Уулсын хооронд дэгээлэн, нэвтлэн гарсан шинэ замыг тусгайлан Олимпиадад зориулан тавьжээ. Тэмцээний билеттэй хүмүүст тухайн өдрийн замын зардал төлбөргүй байх юм.

Бусад үед явахад нэг талдаа ойролцоогоор хагас доллар болно. Гэвч спортын бүх объектод хүрэх бусад арга замууд бий гэж Сочи хотын захиргааны төлөөлөгч Вячеслав Бауэр тайлбарлаад:

«Хэрэв төмөр замын тээвэр дэндүү их ачаалалтай байвал хөгжөөн дэмжигч автобусаар Сочи хотын төвөөс Олимпийн цэцэрлэгт хүрээлэн хүрч цаашид явганаар олимпийн объектод хүрч болно» гэж өгүүллээ.

Тамирчид болон зочдыг түгжрэлээс болж тэмцээн уралдаанд хоцрохоос сэргийлж замын зарим хэсэгт тусгай олимпийн эгнээ бий болох юм. Олимпийн эгнээг эзэлсэн хувийн машинтай хэв журам зөрчигчдийг 200 доллараар торгоно.

Энэ бүх арга хэмжээ замд тохиолдож болзошгүй гэнэтийн асуудлаас зайлсхийх боломжийг олгоно гэж «Олимпийн наадмын зам тээврийн захиргааны» ерөнхий захирал Андрей Жуков итгэлтэй байна:

«Замын хөдөлгөөнийг зохион байгуулах болон тээврийн хэрэгслийг удирдах иж бүрэн систем боловсруулж байгаа бөгөөд үүнд олимпийн эгнээ, тэмдэгнээс гадна видеокамер, цаг агаарын нөхцлийг үзүүлэх хэмжигчүүд орж байгаа юм.

Ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийн цувааг зохицуулахад бид бэлэн байна. Жолоочид маань ч энэ байдалд мөн бэлэн байх болно» гэж ярилаа.

Сочийн нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэл Олимпийн албан ёсны сайт дээр аль хэдийн нээлттэй байгаа юм. Тиймээс хотоор болон олимпийн объектын хооронд өөрсдийн явах хөдөлгөөний чиглэлээ урьдчилан төлөвлөж болно.

Орчин тойрондоо төөрч будлихгүйн тулд зогсоол, буудал бүрт байх олон тооны газрын зураг, бүдүүвч, цагийн хуваариуд туслана. Эсвэл бүх чиглэл, хотыг сайн мэдэх сайн дурынхнаас тусламж хүсэж болох юм.