Япон Улс Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос хамгаалах бүсийн тухай асуудлаар Хятадтай хэлэлцээ хийхгүй гэж Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Кисида мэдэгдэв. Үүний өмнө Япон, АНУ, Өмнөд Солонгос гурав энэ бүсийг байгуулах тухай БНХАУ-ын шийдвэрийг шүүмжилсэн билээ. Маргаан үүсгэсэн Сенкаку (Дяоюйдао) арлууд бүст багтсан байна.

Фумио Кисида бүсийг байгуулах Бээжингийн алхамыг иргэний нисэх онгоцны чөлөөтэй нислэгийг хязгаарлах өрөөсгөл талын ажиллагаа хэмээн нэрлэв. БНХАУ-ын эрх баригчдад урьдчилан мэдээлэлгүй энэ бүсийг давах хөлөг онгоцуудын талаар арга хэмжээ авна гэж Хятад зарлан мэдээлжээ.

Ийм нөхцөл байдал ноцтой хор уршигтай боловч Токио хатуу чиг бодлого баримтлахаар шийдвэрлэв. БНХАУ-ын бүсийг үл тоомсорлон, нислэгүүдийнхээ тухай хятадын эрх баригчдад мэдээлэхгүй зөвлөмж японы нисэх онгоцны компаниудад өгсөн байна.

Талууд хатуу мэдэгдэл хийгээд угтан дэмжих алхам хийж, ядаж түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэхээс сэрэмжлэх асуудлыг авч үзэж хэлэлцэх бололтой гэж шинжээчид үзэж байсан юм.

Гэвч Японы ГХЯ-ны тэргүүний сүүлчийн мэдэгдлээс харахад тэгэх цаг болоогүй байх гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн удирдагч Валерий Кистанов хэлээд:

«Энэ нь япон-хятадын харилцаа түгшүүртэй хэвээр байгааг нотлон харуулав. Дээрх мэдэгдэл түгшүүртэй байдлыг хурцатгаж мэднэ. Байдал хүнд түвэгтэй байна. Учир нь асуудал Япон, Хятадын төдийгүй өөр хэд хэдэн улсын ашиг сонирхолыг хамрав.

АНУ энэ санал зөрөлдөөнд хамрагдсныг хэлэхэд хангалттай биз. Нэг талаас тус улс Японтай аюулгүй байдлын тухай гэрээ байгуулсан. Нөгөө талаас Обама Ази руу эргэлт хийх чиг бодлогыг зарлан мэдээлсэн» гэлээ.

Гэсэн ч америкийн болон японы байр суурь ялгаатай гэж Валерий Кистанов үзэж байна. Япон Улс бүсийг эрс эсэргүүцэж, түүнийг үгүй болгохыг шийдвэртэй шаардаж, байлдааны нисэх онгоцуудаа Хятадад мэдээлэлгүй тийшээ явуулж байна.

АНУ-аас Японыг дэмжсэн ч энэ шийдвэрээсээ татгалзахыг хятадын талаас хатуу шаардахгүй байна. Энэ нь дэд ерөнхийлөгч Байдены Бээжинд айлчилсны дараа улам тодров.

Хятад Улсаас бүсдээ хэт хатуу хяналт тавихгүй гэж Вашингтон найдаж байгаа бололтой. Энэ нь Токио, Вашингтоны байр суурийн зарчимт ялгаа мөн. БНХАУ нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар байр сууриа бэхжүүлэхээр мөн бүсийг байгуулсан гэж Япон үзэж байна.

Японы цэргийнхэн тус асуудлаар нэлээд сонин байр суурь баримталж байна. Тэд хожмын аюулыг ухаалгаар дүгнэв. Цэргийнхний зарим үг яриа японы дипломат ажилтнуудынхаас зөөлөн байна.

Токио Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос хамгаалах бүсийн асуудлаар БХЯ-ны шугамаар Бээжинтэй шууд холбоо тогтоохын төлөө байна гэж Японы БХ-ын сайд Ицунори Онодэра мэдэгджээ.

Бээжин хоёр холбоотон-АНУ,Япон улсуудын хооронд яс хаяж, японы улс төрийн элитыг үймүулэхээр урьдчилан төлөвлөсэн байж магадгүй. Агаарын довтолгооноос хамгаалах бүсийг байгуулах тухай Бээжингийн шийдвэр хэд хэдэн улсыг бухимдуулсаар байна.