Орос улсын үндэсний аюулгүй байдалд тулгарч байгаа шинэ заналхийллүүд, гадаадын армиуд цэргийн хүчээ зузаатгаж байгаа болон шинэ заналхийллүүдэд оросын цэргийнхэн адил тэгш хариу өгөх зэрэг сэдвүүдийг ОХУ-ын БХЯ-ны коллегийн өргөтгөсөн хуралдаан дээр хэлэлцэн ярилцав.Эдгээр тулгамдсан асуудлаар Орос улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин өөрийн дүгнэлтээ өгчээ.

Владимир Путины үзэж байгаагаар, өнөөдөр тавигдаж байгаа хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол дэлхийд хүчирхийлэл өсч байгаа асуудал. 2014 онд улс аюулгүй байдлын шинэ аюул заналхийллүүдтэй тулгарч мэдэхээр байна гэж Оросын ерөнхийлөгч цохон тэмдэглээд

«Ойрхи-Дорнодын орнуудад зэвсэгт сөргөлдөөнүүд үргэлжлэн гарч мэдэхээр байна. Ирэх 2014 онд Афганистанаас олон улсын хүчний цэрэг дайчдыг гаргаж буй нь тус улсын төдийгүй Төв Азийн бусад хөрш зэргэлдээ орнуудад тогтворгүй байдлыг бий болгож мэднэ. Иймд энэхүү асуудал нь Орос улсын үндэсний ашиг сонирхол болон аюулгүй байдлыг зүй ёсоор хөндөх нь зайлшгүй юм» гэлээ.

Владимир Путин тэмдэглэхдээ, нилээд хэдэн гадаадын орнууд энх тайванч мэдэгдэлүүдийг хийсэн ч, зэвсгийн чадавхаа идэвхтэй нэмэгдүүлж байна гэлээ.

«Шилдэг тэргүүний орнууд өөрсдийн байлдааны зэвсгээ идэвхтэй шинэчлэн, цаашид маш их хэмжээний хөрөнгийг зэвсгийн системээ боловсруулахад болон ялангуяа, шинэ үеийн технологи, шинэ зарчмуудаар бүтээхийг зорьж байна.

Стратегийн тэнцвэрийг үл тоох оролдлогууд зогсохгүй байна. Энд юуны өмнө АНУ-ын ПДХ системийг барих төлөвлөгөөтэй холбоотой бөгөөд ялангуяа, Европын ПДХ систем юм» гэж Владимир Путин хэллээ.

Ерөнхий командлагч тэмдэглэхдээ, олон улсын терроризмтэй тэмцэхэд нааштай тодорхой зүйлүүд гарч байна. Үүний тулд оросын армид тусгай шинэ анги нэгжүүдийг байгуулж байна.

«Олон улсын терроризмтэй илүү үр ашигтай тэмцэх, хилийн чанадад Тусгай ажиллагаанууд явуулах зорилгоор Тусгай ажиллагааны хүчин байгуулж байна. “Запад-2013” орос-беларустай хамтран явуулсан стратегийн сургуулилтын явцад  Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын нилээд хэдэн гишүүн орнууд болон ТУХН-ын улсуудын хамтран явуулсан бэлтгэл дасгал, сургуулилтууд нь холбоотнуудтай харилцан ажиллагааны сайн түвшинг харуулсан.

Нөгөөтэйгүүр, бид холбоотнууддаа цаашид бидэнд тулгарч байгаа аюул заналын эсрэг хүчээ нэгтгэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх шаардлагатай байна» гэж Владимир Путин хэллээ.

Ерөнхийлөгч Орос улсын хойд туйлын бүс нутгуудад оросын цэргийн бүлгэмүүдийг байгуулах асуудлыг хөндөн ярьсан. Үүний тулд тэрбээр 2014 онд тус улсын зэвсэгт хүчний байлдааны бүтцэд шинэ анги нэгжүүдийг байгуулж дуусахыг үүрэг болгов.