Ирээдүйн зэвсэг бүтээхэд тэргүүн гүрнүүд дорвитой хөрөнгө зарцуулж байна. Иймээс өнөөдөр оросын батлан хамгаалах хөтөлбөр бүхий л боломжит дайралт, улсын аюулгүй байдлын заналхийллийг харгалзан үзэж байгаа юм. Учир нь дэлхийд стратегийн тэнцвэрийг алдагдуулах гэсэн оролдлого тасрахгүй байгаа билээ.

ОХУ-ын БХЯ-ны коллегийн өргөтгөсөн хуралдааны явцад Оросын ерөнхийлөгч Владимир Путин, дэлхий ертөнцөд тогтсон стратегийн тэнцвэрийг арчиж хаях гэсэн оролдлого юуны өмнө АНУ-ын Европт пуужингийн довтолгооноос  хамгаалах систем бий болгох гэсэн төлөвлөгөөтэй холбоотой болохыг тэмдэглэсэн байна.

Гэвч хэдийгээр ерөнхийлөгчийн хэлснээр, цөмийн тогтоон барих хүчин зүйл асар их үүрэгтэй байсаар авч шинэ үеийн технологийн үндсэн дээр бүтээгдэж буй цөмийн бус зэвсэглэл илүү их ач холбогдолтой болж байгаа юм.

Тийм зэвсэг тагнах, удирдах, нийлүүлэх, онох хэрэгслүүдийг өөртөө цогцлуулдаг нь түүнийг дээд зэргийн үр дүнтэй болгож байгаа юм. Энэ зэвсгийн өндөр нарийвчлал, хүчин чадал үнэндээ цөмийн зэвсгийг орлох хувилбар болж байгаа юм гэж оросын ерөнхийлөгч онцолсон байна.

Орчин үеийн өндөр нарийвчлалтай зэвсэг төрөл бүрийн зориулалт, ангилалын нэлээд өргөн жагсаалтыг агуулдаг. Энэ нь: сум, галт бөмбөг, пуужин, далавчит пуужин, том биш бай болон алсад орших томоохон объектуудыг устгах чадвартай дронууд (цэрэг дайны роботын нэг төрөл) юм.

Одоо үед өндөр нарийвчлалтай зэвсгийн салбарт оросын тэргүүлэх батлан хамгаалах-үйлдвэрлэлийн компаниуд нэлээд хөтөлбөрүүдийг боловсруулж байна гэж «Национальная оборона» сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко яриад:

«Эхний ээлжинд би шинэ агаарын их буу-пуужингийн 5-р үеийн систем С-500-г боловсруулж буй «Алмаз-Антей» концерныг онцолмоор байна. Тэр бол байг зөвхөн агаарт ч төдийгүй ойрын сансарт онох чадвартай юм.

Явагдаж буй ажлын бас нэг чиглэл бол усан дорхи завь буюу усан дээрх хөлөг онгоцонд зориулсан «Клаб» хэлбэрийн өндөр нарийвчлалын пуужингийн зэвсгийн иж бүрдлийг бүтээх явдал юм. Нисэхийн салбар дахь өндөр нарийвчлалын зэвсэглэлийн үндсэн боловсруулагч нь «Тактикийн пуужингийн зэвсэглэл» корпараци билээ.

Энэ нь Ту-95 МС, Ту-160 онгоцууд болон стратегийн авиад зориулсан цөмийн цэнэгүүдийг тээвэрлэх алс холын далавчит пуужингууд юм. Мөн оросын 5 дахь үеийн Т-5 сөнөөгч онгоцод зориулсан шинэ пуужинг бүтээх ажил явагдаж байна» гэлээ.

Оросын батлан хамгаалах байгууллагуудын бүх төсөл дээр дурьдагдсан боловсруулалтуудаар зогсохгүй нь мэдээж хэрэг. Гэсэн хэдий ч тэдгээр нь Оросын өндөр нарийвчлалт зэвсгийн иж бүрдлийг бүтээх салбар дахь технологийн хүчин чадал, амжилтын ил тод жишээ юм. Тийм зэвсэгт шилжих нь ганц жилийн ажил биш.

Харин ойрын ирээдүйд Орос улс цөмийн зэвсгийг тогтоон барих стратегийг баримтлах болно. Иймээс ирэх онд түүний пуужингийн арми 40 гаруй тив хоорондын шинэ баллистик пуужинг хүлээн авч, харин дэлхийн тэнгисийн цэргийн харуулд 2 шинэ атомын усан дорхи пуужин тээвэрлэгчийг гаргах юм.