2013 он дэлхийн үр тарианы ургацын дээд амжилтын жил байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй бүтээгдэхүүний байгууллага ФАО-гийн дэвшүүлсэн таамгаар шинэ он хүртэл 2,5 тэрбум тонн төрөл бүрийн үр тариаг хураан авна. Мөн Африк болон Азийн зарим хэсгүүдэд хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хүндэрнэ гэж ФАО сэрэмжлүүлжээ.

Энэ жил фермерчдийн хувьд цаг агаар таатай сайхан байв. Улаан буудай, буталсан тариа, будааны зэрэг ургацыг өмнөх жилээс нилээд хэмжээгээр илүү авч чадлаа. Хамгийн сайн үзүүлэлтийг эрдэнэ шиш харуулсан бөгөөд энд ялангуяа, Орос, АНУ болон Украины тодорсон.

Энд цаг агаарын таатай нөхцөл төдийгүй, зах зээлийн эрэлт хэрэгцээ болон тарилтыг нэмэгдүүлэхтэй холбоотой газар тариаланчдын мэдрэмж тусалсан гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский тэмдэглээд:

«Дэлхийн ургац хураалтын өсөлт нэмэгдсэн явдал нэгдүгээрт, эрдэнэ шишийн үйлдвэрийн ач тус юм. Өнгөрсөн улиралд үүний эрэлт хэрэгцээ өссөн, гэхдээ хангалттай хувиар биш. Одоо үйлдвэрлэлийг эрэлт хэрэгцээтэй холбон өргөжүүлсэн бөгөөд талбайг тэлсэн. Үүнд цаг агаарын таатай нөхцөл нөлөөлсөн. Тиймээс ургац хураалтын дээд амжилтыг тогтоолоо» гэлээ.

Гэхдээ энэ бүхнээс үл шалтгаалан, дэлхийн өлсгөлөнд нэрвэгдэгчдийн тоог бууруулахын аргагүй юм. Харин ч бүр эсрэгээр, Африк, Азийн зарим хэсгүүдэд энэхүү тулгамдсан асуудал  улам бүр хурцдаж байна.

Тухайлбал, Филиппинд ийм байдал  байгалийн гамшгийн улмаас бий болоод байна. Гэтэл хоол хүнсний хүрэлцээгүй байдал нь хүмүүсийн доогуур орлогоос шалтгаалдаг гэж газар тариалангийн зах зээлийн судалгаан дээр мэргэшсэн “Совэкон” судалгааны төвийн захирал Андрей Сизов тэмдэглээд:

«ФАО-гийн судалгаагаар, одоо дэлхийн дахинд нэг тэрбум орчим хүн байнга дутуу хооллож, өлсгөлөн явж байна. Энэ нь үр тарианы хомсдолтой огт хамаагүй асуудал. Хамгийн гол нь энэ хүн амын доогуур орлоготой холбоотой. Бүдүүн тоймоор ярихад, хүмүүст мөнгө хүрэлцээгүй байна. Тэдэнд хоол авч идэх мөнгө алга, тиймээс тэд өлсч байна. Нөгөөтэйгүүр, хөгжилтэй орнуудад хүнсний нилээд хэсэг буюу хэдэн арван хувийг зүгээр л хогийн сав руу хаяж байна» гэлээ.

Энэ нь өнөөдөр дэлхийн хүнсний зах зээл дээр хангалттай доогуур үнэ тогтоод байгаа үед шүү дээ. Хөдөө аж ахуйн үр тарианы хэсэгт харин ч бүр бага үнэ тогтоод байгаа гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Тиймээс цаашид ялангуяа, хүнс болон үр тарианы төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь зайлшгүй юм гэж Андрей Сизов үзээд:

«Хэрвээ үр тарианы үнэ ханшны тухай ярих юм бол энэ нь яг одоо сүүлийн жилүүдэд харьцангүй доогуур түвшинд байсандаа байна. Эрдэнэ шишний үнэ навс унасан. Сүүлийн нэг сар дэлхийн эрдэнэ шишний үнэ 1,5 дахин унаад байна.

Гэхдээ бүхэлдээ, хямд үнийн үе дуусч байна гэж би бодож байна. Үйлдвэрлэгчдэд газар тариалангийн технологид хөрөнгө оруулалт хийхийн тулд, тариалалтын талбайгаа нэмэгдүүлэхийн тулд, дэлхийн хүн амыг цаашид хооллохын тулд илүү өндөр үнэ ханш хэрэгтэй» гэлээ.

Шинжээчдийн урьдчилсан таамгаар, Хойд хагас бөмбөрцөгт суулгасан өвөлжих улаан буудайн үр нь ирээдүйтэй байх аж.Нөгөөтэйгүүр, зах зээл илүүдэлд орно гэдгээс айх хэрэггүй. Дэлхий дээр илүүдэх хүнс гэж огт байхгүй, харин ч бүр эсрэгээр хүрэлцэхгүй байж мэдэх юм.

Өлсгөлөнд нэрвэгдэгсдэд олон улсын байгууллагууд болон ФАО туслах нь олонтоо байдаг. Гэхдээ өлсгөлөнг арилгах тулгамдсан асуудлын хамгийн гол хариуцлага үндэсний засгийн газрууд дээр тохогддог. Иймд энэхүү тулгамдсан асуудал нь бусад бүх асуудлаас эн түрүүнд тавигдах ёстой юм.