12-р сарын 12-ны өдөр буюу Үндсэн хуулийн өдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд илгээлт тавина. Энэ нь Орос улсын ерөнхийлөгчийн жил бүр тус улсын нэртэй улс төрчид болон нийгмийн зүтгэлтнүүдэд хандаж тавьдаг илгээлт юм. Үүгээр төрийн тэргүүн өнгөрч байгаа оны тайланг, ирэх жилийн зорилтын хамт нийтэд өргөн барьдаг. Гэхдээ энэ удаа ерөнхийлөгч цугдларсан олны өмнө урт хугацааны зорилтуудыг тавина гэж анахааруулсан.

Энэ бол Владимир Путины Холбооны хуралд барих түүхэн тэмдэглэлт 10 дахь удаагийн илгээлт байх юм. Өнгөрсөн жил илгээлтийг Үндсэн хуулийн өдөр тавьсан. Гол агуулгуудын дунд түшмэдүүдэд гадаадын банкнуудад данстай байхыг болон бизнес эрхлэхийг хориглосон. Түүнээс гадна Төрийн думын сонгуульд холимог системийг буцаан хэрэгжүүлэх асуудал байв. Эдгээр даалгаврууд нь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдралд бүрэн хэрэгжсэн. Гэвч ижил төрлийн яамдууд болон бүс нутгуудын удирдагчид шуурхай бус ажилласан зарим асуудлууд ч бий. Боловсролыг төгөлдөржүүлэх болон багш нарын цалинг нэмэгдүүлэх процессууд нь олон асуудлуудтай тулгарч байна. Иймд одоо сөрөг хүчнийхний өмнө энэ асуудал ерөнхийлөгчийн илгээлтэнд тусгагдах эсэх илүүтэй сонирхолтой байгаа.

Улс төрийн нилээд хэдэн зүтгэлтнүүдээс Үндсэн хуулинд өөрчлөлтүүд оруулахаар ирүүлсэн саналуудыг ерөнхийлөгч хэрхэн хүлээж авч байгаа нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна гэж Улстөрийн технологийн төвийн дэд захирал Алексей Макаркин ийн ярьлаа.

ОХУ-ын Үндсэн хууль урт удаан жилийн турш туйлын дархан эрхтэй байсан. Дараа нь 2008 онд ерөнхийлөгчийн болон парламентын депутатуудын хугацааг тодорхойлох үүднээс өөрчлөлтүүдийг оруулсан. Одоо арбитрын шүүхийг татан буулгасны улмаас нэг нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Мөн ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн нэгэн зүйлд өөрчлөлт оруулах тухай дохио ирж магадгүй хэмээн хүлээж буй юм. Гэхдээ энэ нь хувьсгалын өөрчлөлт байх нь юу бол. Одоо их яригдах болсон бүх үндэстний үзэл суртлын тухай, ОХУ -ад Үнэн алдартны шашин онцгой үүрэгтэй тухай яригдахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл, эдгээр нь Үндсэн хуулийн суурийг бүрдүүлэх заалтуудад ордог. Түүнээс гадна Орос улс хамгийн олон үндэстэнтэй, олон шашинтай улсын хувьд энэ асуудал маш эрсдэлтэй байж мэдэх юм гэж улстөр судлаач тэмдэглэв.

Сүүлийн хэдэн долоо хоногт Владимир Путин парламентын болон парламентын бус бүлэгмүүдийн дунд нилээд хэдэн уулзалтуудыг явуулсан. Тэрбээр тэдгээрийн өөрийн илгээлтэнд оруулах санал, санаачилгуудыг анхааралтай сонссон. Энэхүү уулзалтын үр дүнд багц сэдвүүдийг гаргах юм. Жишээ нь, авилгал, үндэстний эвлэрэл, ХМХ-үүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг болон эх оронч сэдвүүдэд зориулагдсан байх юм. Түүнчлэн төрийн тэргүүн гадаад ертөнцөд болж байгаа хүнд байдлуудыг тойрч гарахгуй нь лавтай гэж Алексей Макаркин ярьж байна.

Сүүлийн үед өрнөдийн орнуудтай Орос улсын харилцаа нилээд хүндэрч байна. Юуны өмнө энэ нь Украинтай харилцаа юм. Харамсалтай нь манай хоёр орны сонирхлууд тэс өөр болоод байна. Харин бусадтай бид ёс суртахуун, үзэл суртлын үзэл бодол өөр өөр байгаагаас ПДХ системийн асуудлаар тохиролцож чадахгүй байна. Жишээ нь, Өрнөдийн орнуудын зүгээс Орос улсыг сөрөг хүчнийхний ашиг сонирхлуудыг зөрчигдүүлж байна гэж буруушааж байхад, Орос улс Өрнөдийг ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлан, ёс суртахууны доройтолд унаж байна гэж үзэж буй юм. Дэлхийг цогцлох нэг туйлт таагүй байдлын тухай болон зөвхөн өрнөдийн гэх загварын таагүй байдлын тухай ямар нэгэн зүйлийг хэлэх байх гэж улс төрч таамаглаж байна.

Нөгөөтэйгүүр, оросын иргэд тэтгэврийн системд ямар өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаа болон орон сууцны аж ахуйн салбарт хийгдэх бусад өөрчлөлтүүдийн талаар төрийн тэргүүнээс сонсохыг хүсч байгаа нь лавтай юм.

Уламжлал ёсоор ерөнхийлөгч илгээлтээ Кремлийн ордны Георгийн танхимд өдрийн 12 цагт эхлэнэ. Тэнд Холбооны хурлын гишүүд, Төрийн думын депутатууд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн болон Дээд шүүхийн тэргүүн болоод захирагчид, шашны тэргүүд, томоохон ХМХ-үүдийн тэргүүн, Орос улсын Олон нийтийн танхимын төлөөлөгчид, соёл урлагийн нэртэй зүтгэлтнүүд хуран цугларна.