Орост «цахилгаан хамар» бүтээжээ. Үндэсний цөмийн судалгааны Их сургуулийн инженеруудийн бүтээсэн багажийг ийнхүү нэрлэдэг байна. Энэ багаж дэлбэрэх болон мансууруулах бодисыг адилхан амжилттай олдог. Нуранги дороос амьд хүнийг олж, ганц амьсгаагаар өвчтөнд онош тавьж чадах юм. Үндэсний цөмийн судалгааны Их сургуулийн доцент Николай Самотаев ийн ярьж байна:

«Цахилгаан хамар спектрометрийн үндсэн дээр ажилладаг. Авсаархан зөөврийн энэ багаж хамар мэт хоолойтой бөгөөд мянгаад төрлийн химийн бодисыг тодорхойлох чадвартай юм».

Байгалийн өөрөө бүтээсэн мөн адил багаж байхад түвэгтэй цахилгаан багажийг бүтээх ямар хэрэгтэй вэ гэсэн асуулт урган гарч байгаа юм. Жишээ нь нохой. Нохойны хамар дахь 200 сая үнэртэх эсууд агаарт түүнд хэрэгтэй элементийн хэдхэн молекулыг олох чадвартай байна. Гэсэн ч нохой бол үлгэр жишээ хайгч биш юм гэж Николай Самотаев өгүүлээд: «Нохойг хэрхэн сургадаг вэ? Голдуу түүнд дэлбэрэх бодисыг өгч үнэртүүлдэг. Үүний төлөө нохой ямар нэгэн амттан авдаг бөгөөд хэрвээ үүнийг цээжилсэн бол насан туршдаа гагцхуу дэлбэрэх бодисыг л хайх болно. Нохойнд өөрөөр дасан зохицох хүндрэлтэй болдог. Харин манай багажийг янз бүрийн үнэрээр хөтөлбөржүүж болох юм» гэж тайлбарлалаа.

Төрөл бүрийн дэлбэрэх бодисоос гадна хордуулах болон мансууруулах бодисын маш нарийн дозыг илрүүлж чадах юм. Тэр ч бүү хэл хүнийг таньж чадна. Учир нь бүх хүн өөрийн үнэртэй, гэвч цацсан үнэртэй ус биш, харин сүүний хүчлээр үнэртдэг гэж Николай Самотаев онцолжээ.

«Хэрэв хүн нуранги дор оржээ гэхэд хаалттай орчинд байх тул аажмаар түүний үнэр хуримтлагдана. Энэ үнэр нурангид бий болсон ан цаваар нэвтрэн гадагшилдаг байна. Хэрэв багаж суун хүчлийг зааж байвал нуранги дор хүн байна гэсэн уг».

Гэвч энэ багаж хүн хайх зорилгоор бүтээгдээгүй бөгөөд түүний анхдагч зорилго нь атомын станц дээр байдлыг хянах явдал байлаа. Гагцхуу үүний улмаас Үндэсний цөмийн судалгааны Их сургууль уг багажийг бүтээх болжээ. Гэвч эрдэмтэд ер бусын мэдрэмтгий хий шинжлэгч-багаж юуны өмнө эмч нарт маш хэрэгтэйг олж тогтоожээ.

«Манай багажийг Японд маш их сонирхсон гэж доцент Николай Самотаев ярьж байна. Нэгэн үе тэнд шувууны ханиадын аюул занал маш өндөр нүүрлэсэн байсан юм. Хүрэлцэн ирэгсдийг тэр үед металл хайгч биш дулаан ялгаруулагчийг хэмжигчээр угтдаг байжээ. Олон хүний дундаас биеийн халуун нь ихэссэн хүнийг ялган авч эрүүл ахуйн шалгалтанд оруулж, хурц халдварт өвчин байгаа эсэхийг шалгадаг байна. Манай багаж бол шувууны ханиад, сепсис, сурьеэ зэрэг өвчнүүдийг хурдан оношлох боломжтой юм».

Иймээс уушгины эмч нарын ажилд ноцтой өөрчлөлт гарч, хортой цээжний зураг авах, өндөр үнэтэй томографт удаан зовохоо байх цаг улиран одох нь ээ.