Манай хөгжмийн өнөөдрийн хөтөлберийн баатар бол ЗХУ-ын ардын жүжигчин Эдита Пьеха юм. Өнөөдөр зөвлөлтийн эстрадыг «орос сэтгэлтэй польшийн франц бүсгүй, түүний ямар ч цаг үед оршин тогтнож чадах цаг үеийн аяст захирагдашгүй өөрийн онцлог, мөн хоцрогдошгүй мөнхийн дуунуудгүйгээр нь төсөлөхийн аргагүй юм».

Ингээд Эдита Пьехагийн өнгөрсөн зууны 60-аад оны үед байлдан дагуулж байсан «Манай хөрш» дуугаар нэвтрүүлгээ эхэлье! (Дуу)

Тэрбээр Францад ажил олохоор нууж ирэн амьдарч байсан польшийн гэр бүлд төржээ. Дэлхийн 2-р дайн дууссаны дараа 1945 онд шууд эх орондоо эргэн ирцгээсэн байна. Пьеха сургуульд сурч байхдаа найрал дуунд дуулдаг байжээ.

Дараа нь багшийн сургууль болон орос хэлний курс төгсөж, 1955 онд Ленинград хотноо хүрэлцэн ирж их сургуулийн гүн ухааны тэнхимд элсэн орсноор Орост үүрд үлджээ. Оюутан байхдаа л оюутны «Найрамдал» хамтлагт дуулах урилга хүлээн авсан байна.

1957 онд Москвад болсон Бүх дэлхийн залуучууд оюутны 6-р фестивальд «Найрамдал» хамтлаг болон Эдита Пьеха «Дэлхийн улс орнуудын дуу» хөтөлбөрөөр алтан медаль, фестивалийн шагналтны цол хүртсэн юм. Энэ цаг үеэс Эдита Пьехагийн жинхэнэ уран бүтээлийн амьдрал эхэлжээ. (Дуу)

Та бүхэн түүний дуулсан «Бяцхан гуталчин» хэмээх франц дууг сонслоо.

Эдита Пьеха «Найрамдал» хамтлагт өөрийн хайр дурлалыг олжээ. Хамтлагийн зохион байгуулагч, удирдагч Александр Броневицкий түүний хань болсон юм. Тэдний охин Илона эцэг эхийнхээ замаар явж, дуучны мэргэжлийг сонгожээ.

Үнэндээ одоо оросын эстрадад Илона, эсвэл түүний хүү, Эдита Пьехагийн ач хүү Стас Пьеха нарын хэн нь илүү алдартай байгааг хэлэхэд хэцүү юм. Дашрамд хэлэхэд, од болох өөрийн эмээгийн концерт дээр тэрбээр балчир наснаасаа байлцдаг байжээ.

Харин одоо мэргэжлийн дуулаачийн боловсрол эзэмшсэн болохоор концертод эмээтэйгээ дуртайгаар хослон дуулдаг байна.

Одоо Эдита Пьехагийн дуулсан «Гэр бүлийн цомог» дууг хамтдаа сонсоцгооё! (Дуу)

20 жилийн турш «Найрамдал» хамтлагт олон хөгжимчид орж гаран солигдсон боловч хамтлагийн удирдагч Александр Броневицкий, гоцлол дуучин Эдита Пьеха хоёр л өөрчлөгдөхгүй үлдсэн юм.

Пьеха «Найрамдал» хамтлагтай олон арван улс орон, түүний дотор Монгол, Афганистанд очиж дуулсан билээ. Гэвч 1976 оны зун тэрбээр Александр Броневицкийгээс салж, хамтлагаасаа гарч гоцлон дуулах болжээ.

Эдита Пьеха зөвлөлтийн анхны твист, шейкуудийг дуулсан бөгөөд концерт дээр дуулахаас гадна үзэгч олонтой харьцсан анхны дуучин байлаа. ЗХУ-ын эстрадын дуучдаас тэрбээр анх удаа Нью-Йоркийн нэр хүндтэй Карнеги-холлд дуулж, парисын «Олимпия» заалны тайзан дээр хоёр ч удаа агуу амжилттайгаар тоглолтоо хийсэн юм.

Тэрээр оросын эстрадын алтан санд орсон дуунуудаас бүрдсэн «Мелодия» дуу бичлэгийн фирмд бичүүлсэн 10 том дискний эзэн билээ.

Сүүлийн концертуудын нэг хөтөлбөрийг алдарт дуучин маань «Дуу-миний амьдрал» хэмээн нэрлэжээ.

«Бидний бүх амьдрал бол маш хүнд зүйл хирнээ маш энгийн юм. Бас зам мэт урт санагддаг боловч үнэн хэрэгтээ энэ бол агшин зуурын үзэгдэл билээ. Харин энэ агшин биднийг хүчтэй, ухаантай болгодог гайхалтай аз жаргалын очдоос бүрддэг юм. Тийм аз жаргалын очис яруу найрагчдыг сайн шүлэг бичих, харин хөгжмийн зохиолчдыг сайхан хөгжим зохиох онгодыг төрүүлдэг юм» гэж Эдита Пьеха  ярилаа.

ЗХУ-ын ардын жужигчин Эдита Пьеха манай хөтөлбөрийг «Эмэгтэйн нас» эвлүүлгээр өндөрлөж байна. (Дуу)