Японы эрх баригчид өөрийн холбоотнуудтайгаа аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодолтой байна. Тухайлбал, японы “Никкей” сонины уламжилж байгаагаар, АНУ, Их Британитай аюулгүй байдлын салбарын аливаа заналхийллүүдийн тухай мэдээллүүдийг солилцох “халуун шугам” гэгчийг байгуулах гэж байна.

Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн япон судлалын төвийн тэргүүн Валерий Кистановын үзэж байгаагаар, Хятад улс агаарын хамгаалалтын таних бүсийг байгуулсан асуудалд Вашингтон хоёр талтай хандаж байгаад Токио түгшиж байна.

Нэг талаас АНУ япон-америкийн Аюулгүй байдлын тухай гэрээ хүчин төгөлдөр буйг харуулж, маргаантай Сенкаку /Дяоюйдао/ арлуудын асуудал дээр Японыг дэмжиж байна. Нөгөө талаас АНУ ын дэд ерөнхийлөгч Жо Байдены айлчлал энэхүү тулгамдсан асуудлаар холбоотнуудын байр сууриудын хооронд тодорхой санал зөрөлдөөнтэй буйг харуулсан.

«Японоос ялгаатай нь АНУ Бээжингээс албан ёсоор Хятадын нэвтрүүлээд байгаа агаарын хамгаалалтын таних бүсийг цуцлахыг шаардахгуй байна. Үүнийг Вашингтон шүүмжилж, санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн төдий.

АНУ өөрсдийн иргэний онгоцнуудад энэ бүсэд Бээжингийн заавруудыг даган: хятадын диспетчерүүдэд нислэгийн төлөвлөгөө, болзошгүй чиглэлүүдийнхээ тухай мэдээлж байхыг үүрэгдсэн.

Япон  үүнийг хийхээс эрс татгалзсан. Энэ асуудал дээр нилээд хүчтэй санал зөрөлдөж буй юм.Хятад нэр нүүрээ бодож нэгэнт байгуулсан агаарын хамгаалах таних бүсээ цуцлахгуй нь ойлгомжтой гэж АНУ үзсэн бололтой. Хэрвээ АНУ-ын нээлттэй тавьж буй шаардлагыг Хятад биелүүлэхгүй юм бол тэр цагт АНУ нэр нүүрээ алдах нь ойлгомжтой.

Тиймээс АНУ Хятад өөрийн шийдвэрээ цуцлахгуй гэхэд, ядаж бодит амьдрал дээр түүнийгээ биелүүлэхээс татгалзана. Япон-америкийн байр суурийн энэхүү санал зөрөлдөөнтэй байдлыг Хятад ашиглахыг оролдон, Японтой маргаантай арлуудын асуудлаарх давших үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж Токио түгшиж байна» гэж Валерий Кистанов хэллээ.

Тиймээс Токио “халуун шугамын” тухай асуудлаар бусад орнуудад, тухайлбал, Австрали, Франц, Герман, Энэтхэг болон Өмнөд Солонгост хандах төлөвтэй байна. Энэ нь олон улсын тавцан дээр Японы байрлалыг эрчимжүүлэх болон түнш орнуудтай хэлхээ холбоогоо бэхжүүлэх ерөнхий сайд Абэгийн зарлаад байгаа бодлогын үндэс суурь юм.

Хачирхалтай нь, энэхүү мэдээлэл Орос улсад ч хамааралтай “шуурхай мэдээ” болох нь нэгэнт тодорхой юм гэж Валерий Кистанов тэмдэглээд:

«Абэ АНУ, Их Британи болон бусад түнш орнуудтайгаа, тэрчлэн Орос улстай хамтарсан “шуурхай шугам“ тогтоохоор төлөвлөж буй нь эерэг зүйл юм. Үүнийг сайшаан дэмжих ёстой. Абэ нь засгийн эрхэнд хоёрдахь удаагаа ирэхдээ Япон улс Орос улс руу нүүрээрээ эргэсэн. Үүнийг японы ерөнхий сайдын 4-р сард Москвад хийсэн айлчлал нотлон харуулсан.

Энэ тухай эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө гэрчилж байна. Хэрвээ үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх юм бол Орос улстай “халуун шугам” нь гайхамшигтай, зоримог алхам байх юм.

Энд чухамхүү хоорондоо албан ёсны энхийн гэрээгүй, гэхдээ нутаг дэвсгэрийн маргаантай хоёр улс урьд өмнө байгаагүй хосгүй “халуун шугамыг“ тогтоож байна. Мэдээж хэрэг, энэ нь хоёр орныг бодитоор ойртуулж буй юм» гэлээ.

”Халуун шугам” энэ бол шинэлэг зүйл биш. Хүйтэн дайны үед хоёр улсын харилцааны хурцадмал байдлыг бууруулах зорилгоор ЗСБНХУ, АНУ-ын хооронд ийм төрлийн шуурхай холбоог тавьж байжээ.