Өмнөд солонгосын ХМХ-үүд умардын удирдлагад чухал өөрчлөлтүүд гарсан мэтээр уламжилж байна. Чан Сон Тхэкийг албан тушаалаас нь огцруулжээ. Тэр Ким Чен Уны авга эгчийн нөхөр бөгөөд залуу удирдагчийн эхний хоёр жил түүнд төр барихад нь туслах үүрэг хүлээсэн нэгэн.

Чан Сон Тхэкийг огцруулсан тухай мэдээ одоогоор батлагдаагүй байна. Гэхдээ үнэмшилтэй харагдаж буй юм. Өнгөрсөн хавраас Чан Сон Тхэк олны өмнө харьцангуй бага гарч ирэх болсон.

Удирдагчийн тэргүүн зөвлөхийн ажил нэр хүндтэй боловч аюултай, хүнд бэрх байдгийг түүх нэгэнт харуулсан. Залуу удирдагч засгийн эрхийн амт шимтэнд орж байх зуур, хөгшин зөвлөх удирдагчийн уур хилэнг бадраагч, дайсагналын эх булаг болон хувирдаг байна. Мэргэн ухаантай зөвлөх бол үүнийг ойлгож ийм төгсгөл зайлшгүйг мэдээд, шавийнхаа уур хилэнг аль болохоор хүргэхгүйг хичээдэг.

Тэр үед насны амралтдаа хүндтэй гарах, хөгшрөх насаа ядуугүй амьдралд өнгөрөөхийг боддог. Гэтэл түүхэнд ихэнх зөвлөхүүд нэр төрд дуртайгаасаа болоод чухамхүү хэзээ зогсохоо мэддэггүй байна.Үүний дүнд эрт орой, хэзээ нэгэн цагт хааны уур хилэн гадагшилж, зөвлөх огцорч, шорон, цаазын тавцанд ч хүрдэг байна.

Энэ бол хааны бараг бүх системд хэрэгждэг зүйл. Орчин үеийн Умард Солонгос чухамдаа хаант улсаас юугаараа ч ялгаагүй гэдэгт эргэлзэх хүн үгүй биз. Гэвч тэд өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд чухамдаа энэ нь Чан Сон Тхэкийн хувь тавиланд нөлөөлсөн.

Ким Чен Ун төрийн албан тушаалд гэнэт гарсан. Иймд түүний эцэг Ким Чен Ир түүний өмнө олон жилийн урт удаан амьдрал байгаа гэж тооцоолж байсан бөгөөд тэрээр Ким Чен Уныг удирдагчийн арга барилд бэлтгэж чадна гэж тооцоолж байсан бололтой. Гэвч Ким Чен Ир 2011 оны 12-р сард зуурдаар нас нөгчсөн.

Эцгээсээ гэнэт улс орныг удирдах засаглал авсан Ким Чен Ун зөвлөхүүд, эцгийн төрөл төрөгсөд түүнийг тойрон хүрээлж буйг мэдсэн. Энэ бүх хүмүүс түүнээс нилээд насаар ахимаг байх бөгөөд үзэл бодлоороо эрс өөр болохыг олж мэдсэн.

Чухамдаа залуу удирдагч эцгийн, заримдаа өвөөгийхөө үеийн хүмүүсийн гараар улс орныг удирдах ёстой болоод байлаа. Ийм байдал нь аль ч оронд сэтгэл зүйн хурцадмал байдлыг бий болгох нь ойлгомжтой байв. Гэтэл конфуцын уламжлалтай Умард Солонгост ийм тохиолдол нь шинэ удирдагчийн хувьд ерөөс тэвчихийн аргагуй байлаа.

Ким Чен Ун улс орныг удирдахын тулд өөрийн эцгийн бүх түшмэдүүдийг зайлуулж, тэд нарыг өөрийн итгэлтэй хүмүүсээр солих ёстой байлаа. Үүний дараа тэр өөрийн улс төрийн бодлогыг сая амьдралд хэрэгжүүлж чадна. Гэвч энэхүү бодлого нь чухамдаа онц ач холбогдолгүй байсан ч хамаагүй.

Ким Чен Ун болон түүний тойрон хүрээлэгчид өнгөрсөн оны хавар, намраас ахмад насны чадвартай түшмэдүүдийг огцруулах ажлаа эхлүүлсэн.Тэдний анхны бай нь арми байсан. 2012 оны 7-р сард генерал Ли Ён Хо албан тушаалаасаа огцорсон бөгөөд тэр даруйдаа алга болсон.

Тэр бол Ким Чен Ир нас барахынхаа өмнөхөн залуу удирдагч Ким Чен Уны дэргэдэх зөвлөхүүдийн бүлгэд томилсон нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан. Ли Ён Хогийн хамт улс төрийн тавцангаас нилээд нөлөөтэй хэдэн генералууд ч бас алга болсон.

Тэр үеэс олон ажиглагчид Ким Чен Уныг намын түшмэдүүдийн цэвэрлэгээ хийнэ гэх таамгийг дэвшүүлж байсан.Тэгтэл харин харамсалтай нь тийм зүйл болсон бололтой. Өөрийн зөвлөхийн эмзэг үүрэгт ажлаасаа болж Чан Сон Тхэк хамгийн эхний золиос болов.

Үүнтэй адилхан хувь тавилан өөр бусад олон өндөр албан тушаалтнуудыг хүлээж байх шиг.

Ойрын сар, жилүүдэд умард солонгосын төрийн аппаратад багагүй огцролтууд болно гэж хүлээх ёстой юм. Энэ нь гурав-дөрвөн жилийн дараа умард солонгосын удирдлагын хамт олноороо авахуулсан зургууд дээр, Ким Чен Унаас өөр нэг ч танил хүнийг олж харахгүй бололтой.

Хуучин аппаратыг холдуулж буй нь Ким Чен Уны шаардлагатай гэж үзэж улс төрийн бодлогоо явуулахад чухал алхам болж байна. Улс төрийн шугам ямар болохыг цаг хугацаа харуулна. Гэвч үүнийг шинэ хүмүүс буюу Ким Чен Уны үе тэнгийнхэн хэрэгжүүлнэ гэдэг тодорхой юм.