БНХАУ-аас Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс тогтоосон нь АНУ-ын дэд ерөнхийлөгч Байдены азийн орнуудаар хийх айлчлалын төлөвлөгөөг эрс өөрчлөхөд хүргэсэн шиг байна. Байдены АНУ-ын цэргийн уламжлалт холбоотнууд болон Хятадын удирдлагатай хийсэн хэлэлцээнүүд дээр тус асуудал эн түрүүнд гарчээ.

Эхлээд тэрээр Токиод айлчлав. Бээжин Токиог л сөрөн зогсож мөн бүсийг байгуулсан юм. БНХАУ-аас зарлан мэдээлсэн шинэ ёс журмын дагуу бүсийг давах бүх нисэх онгоц хятадын талд энэ тухай урьдчилан мэдээлж, нислэгийн төлөвлөгөөг олгож, холбогдох байгууллагуудтай холбоо барих ёстой.

Япон, АНУ, Өмнөд Солонгос гурав хятадын бүсийг шийдвэртэй эсэргүүцэх төдийгүй онгоцуудаа зориуд бүсийг  давуулан нисгэсэн юм. Эдгээр байлдааны онгоцны нислэг Вашингтон, Токио, Сөул гурав хятадын шинэ бүсийг тоомсорлохгүй байгааг харуулах ёстой. Синзо Абэ, Жозеф Байден нар хэлэлцээ хийхдээ хятадын бүсийг эсэргүүцэх байр сууриа батлав.

Талууд «хоёр орны байлдааны нисэх онгоцуудын нислэгийн чиг замыг энэ бүс өөрчлөхгүй» гэж тохиролцов. Түүнээс гадна АНУ Япон хоёр «бүс нутгийн энх тайван, цэцэглэлт хөгжлийн төлөө» холбоотны харилцааг бэхжүүлэх чиг бодлогоо батлажээ.

Хятадын АДЭХ бүс тогтоосон явдлыг хятад-японы санал зөрөлдөөнийг гааруулах тодорхой алхам төдийгүй хятад-америкийн харилцаанд нөлөөлэх тодорхой хүчин зүйл хэмээн үзэх хэрэгтэй гэж Оросын улс төрийн судлалын төвийн зөвлөх Дмитрий Евстафьев «Оросын дуу хооло» радиод мэдэгдлээ. Хятад бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхолыг сөрөн зогсож байна гэж шинжээч хэлээд:

«Бээжин үндэсний нутаг дэвсгэртэй нь шууд холбоогүй бүс нутагт анх удаа тодорхой дүрэм тогтоов. Энэ нь АНУ-ын хувьд ноцтой сорилт болсон. Учир нь сүүлийн 70 жилд АНУ-аас л бүс нутагт ийм дүрэм тогтоож ирсэн. БНХАУ ухрахгүй бол АНУ-ын холбоотнуудаа хамгаалах боломж нэлээд суларч мэднэ» гэв.

АНУ байдалд нөлөөлөхийн тулд улс төрийн шахалт үзүүлнэ. Тус улсад өөр арга барил үгүй гэж шинжээч үзэж байна. АНУ Бээжинг тогтоон барихын тулд цэргийн ажиллагаа явуулахгүй гэж Дмитрий Евстафьев таамаглав. Тийм ажиллагаа АНУ-ын нэр төрийг гутааж, бодит үр дүнд хүргэхгүй.

Гэвч Вашингтон хятадын сүүлчийн алхамуудыг тоомсорлохгүй байж чадахгүй. Бээжин ч одоогоор ухрах санаагүй. БНХАУ Зүүн Хятадын тэнгист тогтоосон АДЭХ бүсээ бүрэн хянаж, энэ зорилгоор шийдвэртэй арга хэмжээ авахад бэлэн байна гэж БНХАУ-ын БХЯ-ны төлөөлөгч Жозеф Байден Бээжинд хүрэлцэн очихоос нэг өдрийн өмнө мэдэгдсэн билээ.

Түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэх хэрэг явдал урьдчилан харахын аргагүй хор уршигтай болж мэднэ гэж зарим ажиглагч тэмдэглэв. Бээжин ийм хор уршгийг харгалзаж үзээгүй байх. АНУ япон-хятадын нутаг дэвсгэрийн маргаанд арга буюу татагдан оролцох нь мэдээжээр хятадын ашиг сонирхолд нийцэхгүй.