11-р сарын сүүлээр БНХАУ өөрийн үйлвэрлэлийн үл харагдах нисдэг дроныг нисгэж, хөрш зэргэлдээ улсууд ба өрсөлдөгчдөө түгшүүлэв. Одоо нисэгчгүй нисдэг аппаратын технологи эрчимтэй хөгжиж байна. Террористууд ч эртний бүдүүлэг хийцтэй дроныг хэрэглэж байна. 6 дахь үеийн нисдэг аппаратууд нисэгчгүй болно гэж эдгээр аппарат үйлдвэрлэгчид үзэж байна.

«Стелс» технологиэр үйлдвэрлсэн хятадын анхны үл харагдах дрон 11-р сарын 21-нд 17 минутын нислэг хийжээ. Хятад Улс нисэгчгүй нисдэг аппаратынхаа тоо хэмжээгээр дэлхийд АНУ-ын дараа хоёрт орж байна гэж зарим шинжээч дүгнэв.

Ийм аппаратыг хэрэглэх талаар АНУ, Израиль хоёр тэргүүлж, ЕХ-ны орнууд технологоо тэдгээрийг гүйцэж байна.Ойрын жилүүдэд дэлхийн тэргүүлэх гүрэн улсуудын байлдааны нисэх онгоцны тоо цөөрөх бололтой гэж нисдэг техник үйлдвэрлэх корпорацууд, түүний дотор оросын үйлдвэрийнхэн үзэж байна.Нисэх онгоц үйлдвэрлэгчид 6 дахь үеийн нисдэг техник нисэгчгүй болно гэсэн шинжээчдийнхээ тооцоолтыг иш үндэс болгожээ.

Гэсэн ч шинжээчид нисэгчгүй нисдэг аппаратын хөгжлийн хэтийн төлөвийн асуудлаар өөр саналтай байна. Тухайлбал ойрын таван жилд дэлхийн тэргүүлэх гүрэн улсуудын Цэргийн нисэх хүчний хүрээнд жолоодлогот нисдэг аппарат зонхилсоор байх болно гэж оросын «Независимое военное обозрение» сэтгүүлийн шинжээч Владимир Щербаков үзэж байна.

«Нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэхтэй холбоотой янз бүрийн асуудлыг бүрэн төгс шийдвэрлээгүй байна. Эдүгээ жолоодлогот аппарат нисэгчгүйгээс илүү үр бүтээлтэй юм. Хэтдээ технологи хөгжих тусам нисэгчгүй нисдэг аппарат жолоодлогот аппаратаас давах бололтой» гэж Владимир Щербаков хэллээ.

Хэтдээ үйлдвэрлэл, ашиглалт нь нэлээд хямдрах учир нисэгчгүй нисдэг аппарат давуутай болох байх гэж Владимир Щербаков үзэж байна. Нисэгч амь өрөхгүй боломж түүний гол давуу тал юм. Гэвч нисэгчгүй нисдэг систем техник ба хууль зүйн талаар дутагдалтай. Нисэгчгүй нисдэг аппарат программынхаа дагуу ажиллавал түүний чиг замыг өөрчлөх аргагүй.

Дайсан компьютерийн ерийн программыг хэрэглэн алсаас жолоодох дроны хяналтыг сулруулж мэднэ. Түүнээс гадна хиймэл оюун бүхий нисэгчгүй нисдэг аппарат байдлыг объектив үүднээс тэр болгон үнэлж чадахгүй. Иймээс дайрах буруу шийдвэр гаргаж мэднэ. Ийм буруу шийдвэрүүдийн уршгаар Ирак, Афганистан, Пакистанд энгийн номхон олон зуун хүн амь насаа алдсан юм.

Саяхан Владимир Путин нисэгчгүй нисдэг аппаратын ашиглалтын энэ талыг хөндсэн. Манай орон нисэгчгүй нисдэг аппаратын хөтөлбөрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэвч оросын цэргийн болон тусгай албадын түүнийг хэрэглэх практик ажиллагаа АНУ ба бусад орныхоос өөр байх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо Цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэх асуудлаархи зөвлөлгөөн дээр мэдэгдлээ.

Нисэгчгүй нисдэг системийг ажиллуулах мэргэжилтнүүдийг сургах шинэ хөтөлбөрийг саяхан ОХУ-ын БХЯ-ны хүрээнд хэрэгжүүлж эхлэв. Нисэгчгүй нисдэг цогцолборын хөгжил орчин цагийн зэвсэглэлээр хөөцөлдөхийн нэг хэсэг болж байна. 2003-2012 онд дэлхийд янз бүрийн ангилалын нисэгчгүй нисдэг аппаратуудыг 3,5 тэрбум доллароор худалдан авчээ. Одоогоос 10 жилийн дараа нисэгчгүй нисдэг аппаратын дэлхийн зах зээл 70 тэрбум долларт хүрч өргөжинэ гэж таамаглажээ.