Тайландад засгийн газар болон сөрөг хүчний хоорондын сөргөлдөөн түр завсарлаад байна. Талууд тус улсын хаан Пхумипхон Адульядетын 12- р сарын 5-ны өдөр болох мэндэлсний 86 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан үндэсний баярыг тохиолдуулан хэдэн өдрийн өмнө сөргөлдөөнийг зогсоон, түр завсарлага хийхээр тохиролцжээ.

Үүний өмнө засгийн газар хүчирхийллээс зайлсхийхийн тулд цагдаагийнханд ухран, хоёр өдрийн турш босогчдын бүслэх гэж амжилтгүй оролдсон засгийн газрын байруудыг эзлэн авах боломжийг олгох тушаалыг өгчээ.

Засгийн газрын эсрэг жагсаалууд нь Бангкокт долоо хоног үргэлжилж байна. Энэ хугацаанд 120 хүн хохирол амсч, таван хүн алагджээ. Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий болон резинэн сум хэрэглэсэн. Тэдний энэхүү арга хэмжээнүүдийн зорилго Йинглак Чинаватын засгийн газрыг огцруулж, “засгийн эрхийг ард түмэнд шилжүүлэхэд оршиж байна” гэж жагсагчид мэдэгдэж буй юм.

Эсэргүүцлийн эдгээр арга хэмжээнүүдийн гол шалтгаан засгийн газраас эдийн засгийн гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэх гэсэн оролдлоготой холбоотой ажээ. Энэ хууль батлагдсан бол 2006 онд огцорсон тус улсын ерөнхий сайд Таксин Чинаватыг буцаж ирэх боломж олгох ёстой байлаа.

Гэтэл одоогийн сөрөг хүчнийхний цаана зогсож байгаа “шар цамцтанууд” хэмээх Тайландын уламжлалт дээдсийн хүрээнийхэн үүнээс үхтлээ айж байгаа юм. Энэ тухай Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Зүүн-Өмнөд Ази, Австрали болон далайн чанадыг судлах төвийн тэргүүн Дмитрий Мосяков хэлэхдээ:

«Энд Тайландын хувьд хамгийн гол тулгамдсан асуудал улс төрийн шинэ, хуучин дээдсийн хүрээнийхэн хоорондоо таарахгүйд оршиж байна. Уламжлал ёсоор Тайландын Бангкокт Ардчилсан нам бүх бодлогыг явуулж байсан. Түүнчлэн хятадын хөрөнгөтэй болон армитай холбоотой намууд бас үүнд оролцож байсан.

Ингээд 2000 аад оноос эхлэн Таксин Чинават улс төрд асар их тооны тай тариачдыг дагуулан гарч ирэн өөрийн “Тхай рак тхай” /“Тайчууд тайчуудтай хайртай”/ ард түмний намыг байгуулсан. Маш их хөрөнгө мөнгөтэйгийн хувьд тэр амлалтуудаа шинэчлэлээр болон тариачдын бодит амьдралыг дээшлүүлснээр бэхжүүлж байлаа.

Тэднйи хувьд Таксин Чинават бурхан байсан бөгөөд, харин Бангкокын улс төрийн “хүрээнийхний “дунд дайсан нь байлаа. Яагаад гэвэл, тэр тэдний хэвийн амьдралыг сүйтгэсэн. Таксин Чинаватыг тойрон улс төрийн шинэ элит бий болж, уламжлалт болон шинэ үеийн элитүүдийн хооронд маш хүчтэй хүчдэлийн талбай бий болсон.

Эл хэрэгт арми оролцож, Чинават Таксиныг 2006 онд огцруулж, түүнийг авилгалын гэмт хэрэгт ялласан. Ингэхдээ арми явж, сонгуульд дахин таксин Чинаваттай холбоотой улс төрийн хүчнийхэн ялсан» гэлээ.

2011 оны сонгуульд тус улсын уламжлалт элитүүд Таксины эмэгтэй дүү Йинглак Чинаватыг сонгуульд өрсөлдөхөд түүний сул дорой болон мэдлэг боловсролын нимгэн талыг тооцон, яасан ч гарахгуй гэж найдаж байтал, тэр ялсан.Ийнглак Чинаватын засгийн газар үерийн дараах гамшгийн хохирлыг арилгахтай холбоотой болон тус улсын эдийн засгийн өсөлтийг хангахад үр ашигтай үйл ажиллагаа явуулж байгаагаа харуулсан.

Тус улсын хүн амын ихэнх хэсэг нь Таксин Чинаватын эмэгтэй дүү болон түүний тэргүүлж байгаа Засгийн газрыг дэмжиж байна.Уламжлалт элитүүд хэрвээ ерөнхий сайд асан тус улсад буцаж ирэх юм бол, тэдний засгийн эрхэнд гарах боломж багасна гэдгийг маш сайн ойлгож байгаа.

Тиймээс тэд Бангкокт өөрсдийн нэгтгэсэн, засгийн газрыг огцруулах тэмцлийг эхлүүлээд буй юм. Энэхүү тэмцэл юугаар дуусахыг одоогоор хэлэхэд хэцүү юм. Ихэнх зүйл хоёр чухал хүчний байр суурь хаан болон армиас шалтгаална гэж Дмитрий Мосяков үзэж байна.

«Таиландад хаан их нэр хүндтэй. Гэвч тэр дэндүү хөгшин, өвчтэй, түүний хүүхдүүд түүний нэр хүндийг ашигладаггүй бөгөөд энэхүү сөргөлдөөнийг зохицуулах чадваргүй. Тэгэхээр одоогоор улс төрийн сөргөлдөөнд оролцохгүй тухайгаа мэдэгдээд байгаа Арми үлдээд байна.

Гэхдээ арми нь одоогийн засгийн газраас засгийн эрхийг булаан авах юм бол хэдэн сарын дараа Бангкокт Таксин Чинаватын талынхныг дэмждэг улаан цамцтай тариачид ирж байдал давтагдана гэдгийг тэд сайн мэдэж байгаа» гэж Дмитрий Мосяков ярьж байна.

Жилд 2-3 удаа давтагдах элитүүдийн энэхүү улс төрийн сөргөлдөөн Тайланд улсын тогтвортой хөгжилд саад болж байна.Одоогийн хямралыг аль болох богино хугацаанд жуулчдын Шинэ жилийн аялал эхлэхээс өмнө арилгах ёстой юм.

Учир нь тус улсын аж байдлын түвшингийн нэг чухал үндэс бол жуулчны бизнес юм. Тэгтэл улс төрийн тогтворгүй байдал үүнд асар их хохирол учруулж байна. Үүнийг засгийн газар, сөрөг хүчин ер нь бүгд ойлгож байгаа гэж оросын шинжээч үзэж байна.