Өнгөрсэн долоо хоногт Киодо мэдээллийн агентлагаас японы өөрийгөө хамгаалах хүчний тагнуулын нууц албадын тусгай анги салбарууд эхлээд ЗХУ дараа нь ОУ, Хятад, БНАСАУ, БНСолонгос Улс болон Дорнод Европын орнуудын байдлын тухай мэдээлэл цуглуулсан гэсэн сонин мэдээг тараажээ. Ерөнхий сайд нар ч, цэргийн дээгүүр албан тушаалтнууд ч эдгээр албаны үйл ажиллагааг мэдэхгүй байсан нь хачин юм.

Засгийн газраас энэ мэдээлэлд тэр даруй хариу өгөв. Эхлээд японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёсихидэ, дараа нь БХ-ын сайд Ицунори Онодэра нар мэдэллийг няцааж, ийм анги салбар өөрийгөө хамгаалах хүчинд ердөө үгүй байсан гэж нэг зэрэг мэдэгджээ.

Үгүй байсан гэж үү? Дийлэнх олонхи улс хөрш ба хөрш бус орнуудын талаар тагнан турших ажиллагаа явуулж байгаа нь нууц хэрэг биш юм. Тагнуулын мэдээлэл баримтууд ямар нэг улсын талаархи төрийн стратегийн чиг шугамын үндэс болдог.

Тагнуулын мэдээлэл, баримтууд мөргөлдөөн, террорын ажиллагаа, улс төрийн ба олон нийтийн зүтгэлтнүүдийг хөнөөх ажиллагаанаас сэрэмжлэх боломж олгож байна. Хүн ам тусгай албадыг хайрлан халамжлахгүй байсан ч тэдгээр нь аюултай боловч чухал ажлыг гүйцэтгэж байна. Японд суугаа элчин сайд асан Александр Панов хэлэхдээ:

«Ийм ажиллагаа явуулж ирсэн, явуулсаар ч байна. Энэ нь гайхмаар ер бусын үйл хэрэг биш. Японы засгийн газраас үгүйсгсэн явдал ч гайхал төрүүлэхгүй байна. Хөрш орнуудын эсрэг тагнуулын ажиллагаа явуулж байгаагаа хэн ч хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Сноудены илчлэлт буюу тагнуулчийг илчлэн баривчлах гэх мэт тохиолдолд л арга буюу хүлээн зөвшөөрдэг. Намайг Токиод элчин сайдаар ажиллаж байх үед манай ЭСЯ ямагт тусгай албадын ажиллагааны бай  байсан юм. Тагнуул болон сөрөг тагнуулын бүх хэрэгслийг ашиглаж, ЭСЯ-ны ажиллагааг хоргүй болгохыг хичээдэг. Тагнуулын ажиллагаа аж амьдралын бодит хэсэг болсон» гэв.

Бүгд бүхний эсрэг тагнуулын ажиллагаа явуулж, мэдээлэл баримт цуглуулан нэгтгэж байна. Сүүлийн жилуудэд компьютерын тагнан турших ажиллагаа, кибер дайралт гаарсан нь нууц хэрэг бишээ. Тэгвэл шуугиан дэгдээх учир юу вэ? Александр Панов сэдвийг үргэлжлүүлэн хөндөн ярихдаа:

«Миний бодсоноор энэ нь америкийн талаас хожмын дайсан төдийгүй холбоотнуудаа ажиглан мөрдсэнтэй ямар нэг хэмжээгээр холбоотой юм. Одоо ийм ажиллагааг өөр улс орнууд мөн явуулж байгааг харуулахыг АНУ оролдож байна.

Германид ч ийм тохиолдол гарсан. АНУ төдийгүй Хятад, Умард Солонгос, ОУ ч Меркелийг мөрдсэн гэж ятгаж байна. Гэвч хэргийн учир АНУ-аас холбоотнуудаа л мөрдсэнд оршино. Энэ нь холбоотнуудын тохиролцоог бүдүүлгээр зөрчсэн хэрэг» гэв.

Америкийн талаас дээрх мэдээллийг хэвлэлд шургуулан нэвтрүүлсэн байж магадгүй. Гэвч тагнуулын нууц албадын тухай мэдээлэл төрийн нууцын тухай японы шинэ хуулийг тойрон санал шүүмжлэл өрнүүлсэн явдалтай цаг хугацааны хувьд давхцсан нь хэдэн шинжээчийн анхаарлыг татав. Японы парламентын доод танхим шинэ хуулийг батлажээ.

Хуулийн төсөл нууц мэдээллийг хамгаалах засгийн газрын боломжийг нэлээд өргөжүүлж, нууцыг задлаж мэдээлсний төлөө шийтгэлийг улам хатуу болгож байна. Энэ нь мэдээллийг дэлгэрүүлэх эрхийг хөсөрдүүлж байна гэж хэд хэдэн шинжээч үзсэн юм.