2014 онд Афганистанаас НАТО-гийн хүчний гол хэсэг гарч явахад Төв Азийн байдал хэрхэн өөрчлөгдөх бол? 12 орны төлөөлөгчид Таджикстанд афганы мансууруулах бодисын аюул заналыг эсэргүүцэх үйлдлийн асуудлаар мансууруулах бодисын эсрэг эвслийн улсуудын албан бус хуралдаан дээр авч хэлэлцлээ.

Дэлхийн 12 орны мансууруулах бодисын эсрэг газрын тэргүүнүүд 2014 онд Тев Ази болон Афганистаны байдал муудах хувилбарт бэлтгэцгээж байна. Олон улсын эвслийн хүч гарч явснаар Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл өсөж таарна.

Оросын мансууруулах бодисыг хянах Холбооны албаны дэд дарга Олег Сафоновын ярьснаар хяналтгүйгээр олон улсын мансууруулах бодисын хууль бус наймаачид афганий мансууруулах бодисын зах зээлийг өргөжүүлэх болно.

«Афганы нутаг дэвсгэрээс энхийг сахиулах хүчнийг гаргаснаар мансууруулах бодисын үүднээс авч үзвэл байдал сайжрахгүй гэж бид үзэж байна. Одоо афганы хойд мужуудад 200 гаруй лабораториуд байдаг нь бидэнд тодорхой болсон.

Энэ онд тариалдаг талбайн хэмжээ зөвхөн ихэссэн төдийгүй ургацын аварга амжилт гаргасан 2007 оноос илүү давж гарсан байна. Энэ бүхэн мансууруулах бодисын байдал зөвхөн дордоно гэдгийг илтгэж байгаа юм» гэж Олег Сафонов хэллээ.

Афганистанд өнөөдөр мансууруулах бодис үйлдвэрлэгч 10 жилийн өмнөхөөс 2 дахин илүү байна. Албан ёсны мэдээгээр зөвхөн энэ намрын опийн түүхий хөвөнгийн ургац гэхэд л бүс нутагт 5,5 тонн болсон нь мөнгөн дүнгээр миллиард гаран доллар юм.

Олег Сафоновын үзэж байгаагаар энэ нөөц олон улсын мансууруулах бодисын хууль бус наймаачдад 10 жил хангалттай юм.

«Энэ цуст мөнгөн дээр сууж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэг байдлыг Афганистаны хойд нутагт төдийгүй харамсалтай нь бүс нутгийн хөрш орнуудад ч тогтворгүй болгох болно» гэж Олег Сафонов онцлон тэмдэглэлээ.

Душанбед болсон чуулган дээр нарко цагдаагийнхан Афганистаныг тусгаарлах нь эерэг үр дүнд хүргэхгүйг онцлоод энэ нь байдлыг зөвхөн хурцатгах учир энэ оронд мансууруулах бодис үйлдвэрлэх асуудлыг шийдэхийн тулд эдийн засаг нийгмийн байдлыг нь сайжруулснаар л үр дүнд хүрч болох юм гэж тэмдэглэжээ.

Дэлхий нийтэд Афганистаны хөгжилд хувь нэмэр болох үр дүнтэй хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай. Тэгээгүй цагт бүх дэлхий ертөнц афганы героинд живэх болно.

НҮБ-ын мансууруулах бодис болон гэмт үйлдлийг Удирдах газрын дүгнэлтээр өнөөдөр Төв Ази, Орос, Пакистан, Иранд нарко цагдаагийнхан афганы нутаг дэвсгэрээс орж ирж байгаа нийт мансууруулах бодисын зөвхөн дөрөвний нэгийг л барьж авч чадаж байгаа юм.