Өнөөдрийн манай хөгжмийн хөтөлбөр оросын домогт рок-хөгжимчин, «Аквариум» хамтлагийн ахлагч Борис Гребенщиковт зориулагдаж байна. Тэрбээр уран бүтээлийнхээ 40 жилийн хугацаанд 500 гаран дуу бичиж, нэлээд хэдэн киноны хөгжмийг бичжээ. Хөгжимчин маань одоо хирнэ бүх ард түмний хайртай, хүсэн хүлээсэн дуучин хэвээрээ байгаа юм.

Борис Гребенщиковын 60 насны ойд зориулан, түүний дуунуудаар петербургийн залуу жүжигчдийн бүтээсэн «Мөнгөн чавхдасны хөгжим» нэртэй жүжиг үүний гэрч боллоо. Жүжигт рок-хөгжимчний 40-өөд дуунууд өвөрмөц найруулгатайгаар 2 дахь амьдралаа олжээ.

Борис Гребенщиков манай хөтөлбөрийг, хамгийн алдартай зохиомжуудынхаа нэг «Алтан хот» дуугаар нээж байна. (Дуу)

Борис Гребенщиков эсвэл зүгээр л түүнийг нэрлэдгээр БГ 1953 оны 11-р сарын 27-нд Ленинградад төржээ. Тэрбээр сургуульд сурч байхаасаа алдарт хамтлаг Битллзийн нөлөөгөөр рок-хөгжмийг сонирхох болсон байна.

1972 онд ленинградын хавсармал математикийн тэнхимийн оюутан байхдаа тэрбээр өөрийн сургуулийн найзтайгаа «Аквариум» хамтлагийг байгуулж, ер бусын хөгжим бичих болсон нь хожим эх орны рокийн ертөнцийг үндсээр нь эргүүлсэн юм. Хөгжимчин Борис Гребенщиковын өвөрмөц байдал хүнд түвэгтэй зүйлийн талаар зүгээр нэг ярих болон гүнзгий бодлогшролыг төрүүлэх чадвартайд оршдог.

XX зууны оросын хөгжмийн ертөнцийг хэн нэг нь нийгмийн хурц асуудлаар, нөгөө зарим нь этгээд сонин гадаад байдлаар байлдан дагуулж байсан бол Борис Гребенщиков «эртний оросын уйтгар гуниг, түвдийн философи, кельтийн домог» зэргийг хослуулсан өөрийн ертөнцийг бий болгосон юм.

Хөтөлбөрөө түүний дуулсан «Бид бүхэнд илүү сайхан болно» дуугаар үргэлжлуулье: (Дуу)

Борис Гребенщиковын уран бщтээл Оросоос бусад оронд ч алдартай юм. Өнгөрсөн зууны 80-аад оны эцсээс тэрбээр дэлхийн олон орноор айлчлан тоглож, Европ, Хойд Америкийн нэртэй студиудад цомгоо бичүүлж, хэвлүүлдэг байна.

Шүүмжлэгчдийн тэмдэглэж байгаагаар Борис Гребенщиковын хөгжимд дорнын аяс ажиглагддаг, учир нь тэрбээр нэгэн үе Энэтхэг, Непал, Хятад орнуудаар айлчилсантай ч холбоотой байж болох юм. «Энэтхэг хөгжим намайг маш хүчтэй татаж байгааг би ойлгосон» гэж Борис Гребенщиков ярьдаг.

Тууний тоглолт өөрийн гэсэн эрч хүч, гайхалтай уур амьсгалаараа алдартай бөгөөд үзүүлбэр болгон нь өөрийн давтагдашгүй өнгө аястай байдаг юм. Тэрбээр 2008 онд «ер бусын болон утсан, найрал, цохилтот гэх мэт боломжтой бүх хөгжмийн зэмсгүүд дээр тоглодог» янз бүрийн орнуудын төлөөлөгчдийг «Аквариумтай» нэг тайзан дээр цуглуулах зорилготой «Аквариум интернэшнл» төслөөр тоглолт хийсэн билээ.

«Сургаалийн дуу» зохиомжоо Борис Гребенщиков та бүхэнд зориулж байгааг таалан соёрхоно уу: (Дуу)

Борис Гребенщиков хөгжимчнөөр алдаршаад зогсохгүй, уран зохиолч, орчуулагч, философ, зураач зэргээр өөрийгөө илэрхийлдэг юм. Тэрээр олон тооны шагналтайн дотор оросын төрийн шагнал болох «Эх орны төлөө зүтгэв» одонг хүртжээ.

Мөн түүнд Орос Энэтхэгийн ард түмний хооронд найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлсэн шагналыг гардуулсан байна. Борис Гребенщиков улс эх орондоо рок-хөгжмийг зүй ёсны үндэслэгчдийн нэг болсноор хамгийн их өндөрлөгт хүрч чадсан юм. «Аквариум» хамтлагийг үндэслэгч энэ сайхан хөгжимчин, хөгжмийн зохиолч үнэхээр зөвлөлтийн рокийн домог болсон билээ. (Дуу)