ОХУ-ын БХЯ-ны сайд асан Анатолий Сердюковын эсрэг эрүүгийн хэрэг өдөөжээ. Түүнийг улсад 56 сая рублийн хэмжээний хохирол учруулахад хүргэсэн хайхрамжгүй цалгар назгай байдалд сэжиглэж байгаа юм. Сайд асан өдийг хүртэл БХЯ-ны харьяа үл хөдлөх хөрөнгийг идэж шамшигдуулах хэргийн гэрч байсан билээ.

Оросын БХЯ-ны сайд асан Анатолий Сердюковыг ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны 11-р сард огцруулсан бөгөөд түүний шалтгаан нь сайдын шууд удирдлаган дорхи эрх мэдэлтнүүдийн талаас авилгалын гэмт хэрэг үйлдсэн явдал байлаа.

Сердюковын суудлыг ОБЯ-ны сайд асан Сергей Шойгу эзэлсэн юм. Цэргийн болон иргэний нийгэмд боловсон хүчний өөрчлөлтийг урамтайгаар хүлээн авч, улсын батлан хамгаалахын урьдны сайдыг армийг нураан унагасан хэмээн нэг бус удаа буруушаацгаасан юм. Сергей Шойгугийн байгуулсан ОБЯ тэр үед өөрийн 22 жилийн түүхэнд хамгийн үр бүтээлтэй удирдах газрын алдарт хүрсэн байна.

Армид эртнээс бүрэлдэн бий болсон боловч урьдын удирдлага бултан зайлж байсан өөрчлөн шинэчлэх ажлыг Шойгу шууд эхлүүлсэн гэж мөрдөн байцаах Үндэсний хорооны тэргүүн Андрей Калитин онцлоод:

«Эхний чиглэл бол зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдал, чадварыг нэмэгдүүлэх явдал юм. БХЯ-ны шинэ удирдлагын үед зэвсэгт хүчний үйл ажиллагааг тодорхойлох нэлээд ном журмын баримт бичгүүдийг боловсруулж, улсын батлан хамгаалахыг удирдах Үндэсний төвийг байгуулсан байна.

Мөн цэргийн сургуулилт, тэр тусмаа олон улсын тусгай үйл ажиллагаа явуулах хүчнүүдийг байгуулжээ. Хоёр дахь чиглэл нь армийг хөгжүүлэх зэрэг цагийн асуудлууд болон системт арга замыг боловсруулах явдал юм. Энэ нь удирдлагын бүрэлдэхүүн, армийг удирдах Жанжин штабын төлөөлөгчидтэй шууд ажиллана гэсэн үг.

Ийм яриа Сердюковын үед армид ер байгаагүй юм. Генералуудын бүрэлдэхүүн Шойгуд сайнаар хандаж, түүний шинэчлэлийг сонссон нь баяртай баримт юм. Одоо БХЯ нэгдмэл, үр өгөөжтэй үйлчилж байгаа механизм юм» гэж шинжээч онцлон дурдлаа.

51 настай Анатолий Сердюков 2007 оны 2-р сарын 15-аас 2012 оны 11-р сарын 6 хүртэл Оросын БХЯ-ны тэргүүн байсан юм. Үүнээс өмнө тэрбээр худалдаа, татварын албанд ажиллаж байгаад, 2004 оны 7-р сараас Оросын Холбооны татварын албыг тэргүүлэх болжээ. БХЯ-ны сайдын албан тушаалд томилогдох үед бэлтгэл ахлах дэслэгчийн цолтой байсан байна.

Тэр үед Зэвсэгт хүчинд асар их хэмжээний төсвийн хөрөнгийг зарцуулахтай холбоотой зэвсэглэлтийг шинэчлэх хөтөлбөр хэрэгжиж байсан учир энэ албан тушаалд эдийн засаг санхүүгийн салбарт туршлагатай хүн шаардагдсан гэж өөрийн сонголтыг улсын засгийн газар тайлбарлажээ. Сердюков нэлээд цэргийн шинэчлэлийг явуулсан байна.

2012 оны 10-р сард «Оборонсервис» компанийг тойрсон томоохон хэмжээний авилгалын талаар тодорхой болсон билээ. Хууль хяналтын байгууллагууд компаний ажилтнууд мэргэжлийн бус цэргийн активуудыг борлуулах зальт ажиллагаа явуулсаныг олж илрүүлжээ. Зөвхөн 8 үл хөдлөх хөрөнгийг зарснаас гэхэд л улсад учирсан хохирол урьдчилсан тооцоогоор 3 миллиард рубль болсон байна.

Ийм үнэ цэнэтэй активыг худалдах шийдвэр сайдад мэдэгдэлгүйгээр гарах ёсгүй байсан гэдэгт мөрдөн байцаалт итгэлтэй байжээ. Уг хэргийн нэлээд үйлдэгчид Сердюковтай эртний танил бөгөөд ихэд ойр дотно харьцаатай байсан нь илэрчээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Сердюковыг 2012 оны 11-р сарын 6-нд огцруулсан бөгөөд тэрбээр саяхан болтол БХЯ-ны аж ахуйн бүтэц дэх авилгалын хэрэгт гэрчээр оролцож байсан юм.