Дамаскад суугаа ОХУ-ын ЭСЯ-ыг буудсан нь террорын ажиллагаа мөн гэж НҮБ мэдэгдлээ. АЗ-ийн гишүүд дипломат төлөөлөгчдийн газар дархан халдашгүй эрхтэйг дурдаад бүх буруутныг хариуцлагад татахыг уриалав.

«Олон улсын эрхээр хамгаалагдсан хүмүүс ба объектуудад халдах ямар ч ажиллагааг буруушааж байна» гэж АНУ-ын Төрийн департаментын албан мэдэгдэлд өгүүлжээ.

Өнөөдөр Дамаскад суугаа ОХУ-ын ЭСЯ ерийн дэглэмээр ажиллаж байна. Гэвч аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгав. Өчигдөр орой сирийн засгийн газрын эсрэг бүлгүүдээс ЭСЯ орших хорооллыг миномётээр буудсаны улмаас нэгэн мина ЭСЯ-ны дэвсгэр нутагт, нөгөө нь холгүй дэлбэрэв.

Оросын иргэд буудлагад нэрвэгдсэнгүй. Нэгэн сири хүн амь үрэгдэж, 9 хүн шархдав. Дипломат төлөөлөгчдийн газрын байшинд ялимгүй хохирол учирсан тухай Оросын ГХЯ-ны сайтын мэдээлэлд өгүүлжээ.

Сирийн засгийн газар ЭСЯ-ны аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй гэж олон орон түүний дотор Франц, Нидерланд ба арабын хэдэн улс үзэж, дипломат төлөөлөгчдийн газруудынхаа үйл ажиллагааг зогсоосон билээ.

Гэвч сирийн засгийн газар энгийн номхон оршин суугчид ба дипломат төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд бололцоотой бүхнийг хийж байна.

Харин аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд Дамаскын дүүрэгт зэвсэгт бүлгүүдийг устгах хэрэгтэй гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн шинжээч Сергей Серёгичев хэлээд:

«Дүүргүүдийг аюулгүй болгох хэрэгтэй. Энд зэвсэгт босогчид энгийн оршин суугчдын ард нуугдаж, өөрсдийгөө хамгаалж байна. Иймээс Башар Асадын засгийн газар ба цэргийнхэн энгийн номхон оршин суугчдыг хэлмэгдүүлэхээс сэрэмжлэхийн тулд тухайлбал отолт зэрэг өөр арга барилыг хэрэглэж байна» гэлээ.

Сирийн эрх баригчид зэвсэгт босогчдыг устгах ажиллагаа амжилттай явуулж байгааг шинжээчид онцлов. Хотын энгийн хорооллыг буудахь нь сөргөлдөөний гарцаагүй гунигт үр дагавар гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Борис Долгов үзэж байна. Оросын ЭСЯ-ны дэвсгэр нутагт мина тусч тэсэрсэн нь тохиолдлын хэрэг биш гэж тэрээр хэлээд:

«Юуны түрүүнд анхаарал татах зорилго тавьсан байх. Сэтгэл санаанд нөлөөлэхийг санаархсан. ЭСЯ-ны ажилтнуудыг айлган сүрдүүлж, засгийн газрын эсрэг бүлгүүдээс энхийн зохицуулалтыг дэмжэгчдэд ийм «хариу» өгөхийг оросын оршин суугчдад мэдүүлэхийг оролдсон бололтой. Олон нийтийн  үзэл санаанд нөлөөлхийг санаархсан нь дамжиггүй» гэв.

Сири улсад суугаа Оросын дипломат төлөөлөгчдийн газар урьд өмнө ч дайралтын бай болсон билээ. Энэ онд түүнийг миномётээр хоёр удаа буудсан юм. 6-р сарын 4-нд дөрвөн сум ЭСЯ-ны дэвсгэр нутагт тэсрэв. Тэр үед орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд шархдсан билээ. 9-р сарын 22-нд мина ЭСЯ-ны дэвсгэр нутаг тэсэрсний уршгаар гурван ажилтан шархдсан юм.