Дэлхийн худалдааны байгууллага олон улсын худалдааны дүрмийн шинэтгэлийн тухай хэлэлцээрийн эх бичгийг уялдуулан зохицуулж чадсангүй. Энэ оны 12-р сарын эхээр сайд нарын дээд хэмжээний уулзалт дээр баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсэн билээ.

Гэвч тохиролцож амжаагүй гэж саяхан ДХБ-ын тэргүүн Роберто Азеведо мэдэгдлээ. Худалдааны шинэ хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ.

Энэ намар дэлхийн худалдааны клубын гишүүд шинэ хэлэлцээрт гарын үсэг зурахаад хэзээ хэзээнээс их ойртсон билээ. Женевт ДХБ-ын Ерөнхий зөвлөл бараг 2,5 сар чуулан хуралдав. 9-р сард Ерөнхий захирлаар сонгогдсон Роберто Азеведо 2001 оноос хойш урьдын удирдагчдын хийж амжаагүй ажлыг урагш ахиулав.

Одоогоос 12 жилийн өмнө Катарын нийслэл Дохад эхэлсэн худалдааг цаашид либералчлах асуудлаархи хэлэлцээ төгсгөлийн үед шилжлээ. Хөгжингүй улсууд түүний дотор АНУ болон БНХАУ, Энэтхэг зэрэг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орнууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татаас, тарифын асуудлаар санал зөрөлдөөнийг арилгасан тухай өнгөрсэн долоо хоногт мэдээлсэн билээ.

Хөгжингүй орнуудын зах зээлд хураамжгүй гарах боломж хөгжиж байгаа орнуудад олгоно гэж амлажээ. Мөн түүнчлэн хөгжингүй орнууд хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх үндэсний дэмжлэгээ багасгахыг зөвшөөрсэн билээ.

Дохад хийж буй хэлэлцээний маргаантай хурц асуудал шийдвэрлэгдсэн мэт санагдлаа. Гэвч Балид ДХБ-ын дээд хэмжээний уулзалт эхлэхээс долоо хоногийн өмнө түвэг бэрхшээл ахин тулгарсан байна. Баримт бичгийн утга чанарыг хүлээн зөвшөөрсэн орнууд зарим асуудлаар хөнгөлөлт өөрсдэд нь олгохыг шаардав.

Тухайлбал Энэтхэг Улс маш ядуу фермер, хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх хөдөө аж ахуйн нөөц бүтээгдэхүүнд ногдуулах татаасыг ДХБ-ын зохицуулалтаас гаргахыг шаардаж байна. ДХБ-ын гишүүн бүр өөрийгөө л бодож байна гэж эдийн засагч Вадим Новиков тэмдэглэн хэлээд:

«Гаалиар ивээх журмыг тодорхой хэмжээгээр тус тус дэмжиж байгаа засгийн газрууд ДХБ-ыг байгуулсан юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчийг хамгаалах нь үүнийг нотлон харуулсан ерийн жишээ билээ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тариф өөр төрлийн бүтээгдэхүүнийхээс хэд дахин илүү их байдаг. Мэдээжээр гаалиар ивээх журмыг баримтлагч улс орнууд нэг утгатай хэлэлцээр байгуулж чадахгүй» гэв.

ДХБ-ын гишүүн 159 улсын элч төлөөлөгчид худалдааны салбарт нэвтрүүлэх олон улсын шинэ шинэ зүйлийг дээд зэргээр зохицуулсан гэж ДХБ-ын тэргүүн Роберто Азеведо үзэж байна. Цаашдаа улс төрийн хүсэл эрмэлзэл зайлшгүй чухал.

12-р сарын 3-6-ны өдрүүдэд Балид ДХБ-ын гишүүн орнуудын сайд нарын дээд хэмжээний уулзалт болох юм. Сайд нар 1990-д оны дунд үед нэвтрүүлсэн олон улсын худалдааны дүрмийн шинэтгэлийг ахиулж мэднэ. Тэгэхгүй бол ДХБ гишүүдийнхээ хэрүүл маргаанд нэрвэгдэж, олон улсын байгууллагын нэр хүндээ алдаж мэднэ.