Япон, Өмнөд Солонгос, Хятад гурав чөлөөт худалдааны бүсийг байгуулах асуудлаар хэлэлцээг сэргээв. Чөлөөт худалдааны тухай хэлэлцээрийг 2012 оноос хэлэлцсээр байна. Хятад-японы харилцаа нэлээд хүйтэрсэн явдал талуудын бараа таваар, үйлчилгээ солилцох үйл явцыг либералчлах хүсэл эрмэлзэлд нөлөөлсэнгүй.

Киодо агентлагийн мэдээлснээр оюуны өмч хамгаалах болон үйлчилгээ, хэрэглээний бараа таваарын худалдаа Токиод хийж байгаа Япон, БНХАУ, Өмнөд Солонгосын хэлэлцээний гол сэдэв болсон байна.

Японы худалдааны яамны төлөөлөгчийн хэлснээр эдгээр гурван улс нутаг дэвсгэрийн асуудлаар маргалдаж байгаа нь чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаархи хэлэлцээний явцад нөлөөлсэнгүй. Зүүн Хятадын тэнгист Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс байгуулах тухай Бээжингийн мэдэгдэл ч хэлэлцээг хойшлуулах уршигтай болсонгүй.

Улс төрийн маргаан дэлхийн худалдаан дахь эдгээр гурван улсын байр сууринд зохисгүй нөлөө үзүүлсэнгүй. Дэлхийн бараа эргэлтийн бараг 35 хувь нь тэдгээрт ногдож байна. Олон талт механизм юуны түрүүнд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд ажиллахгүй байгаа нь гурван талын интеграцийн шийдвэр гаргахад шижим түлхэц үзүүлэв.

Мөн түүнчлэн эдгээр гурван улс ойртсон явдал дэлхийн санхүүгийн хямралын уршгийг аль болохоор багасган зөөлрүүлж, дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэлд нь тус дөхөм үзүүлэв.

Улс төрийн хүрээнд Бээжин,Токио хоёрын харилцаа эрс доройтсон байхад эдийн засгийн салбарт чухам БНХАУ л чөлөөт худалдааны бүсийг байгуулах үйл явцыг ахиулах нэг ёсны зүтгүүр болсон нь сонин  юм шүү гэж Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Сергей Луконин хэлээд:

«Чөлөөт худалдааны бүсийг байгуулах саналыг урагш ахиулахыг сүүлийн уед Хятад шаргуу оролдож байна. Юу гэвэл энэ нь эдийн засгийн нөлөөгөө өргөжүүлэх бодлогод нь нийцэж байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд аажим боллоо. Хятадын дотоодын орлого үүнтэй холбогдон унаж байна.

Мөнгө хөрөнгө яаж олох вэ? гэсэн асуудал хятадын хэт халаасан эдийн засгийг хүйтрүүлэх бодлогоос үүдэн гарсан. Чөлөөт худалдааны бүсийг түншүүдтэй хамт байгуулах нь асуудалд өгөх нэгэн хариу мөн. Торгоны замыг хөгжүүлэх бүс Төв Азид байгуулах төсөл ийм бодлогод бас нийцэж байна» гэв.

Хятад-Япон-Өмнөд Солонгос бүс ажиллавал харилцан худалдааны хэр хэмжээ нь ЕХ-ны үзүүлэлтэд ойртоно гэж Сергей Луконин тэмдэглэв. Энэ төсөл экспортоо өргөжүүлэх боломж олгох учир Хятадад ашигтай. Түүнээс гадна юанийг интернационалчлах өөр төслийг урагш ахиулахад энэ бүсийг ашиглахыг Хятад оролдож болзошгуй.

Долларыг Зүүн-хойд Азид харилцан тооцоолтоос шахан зайлуулах гэсэн оролдлого АНУ-ын дургүйцэл төрүүлж мэднэ. Геополитикийн гол өрсөлдөгчөө тогтоон барихыг Вашингтон оролдсоор байх болно.

Энэ нь чөлөөт худалдааны бүс байгуулах замд гол саад тотгор болох байх. Токио Сөүл хоёртой тогтоосон нягт харилцаа холбоог ашиглан хэлэлцээнд нөлөө үзүүлэхийг Вашингтон оролдох бололтой. Юуны түрүүнд Номхон далайг дамнасан түншлэлийн хүрээнд өөр төслийг санаачилж болзошгүй.