Орос, Монгол улсууд худалдаа-эдийн зсгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байна. Москвад орос-монголын засгийн газар-хоорондын хуралдаан болж өнгөрөв. Үүн дээр хоёр талын эдийн засаг, шинжлэх ухаан техник болон соёл урлагийн хамтын харилцааны өнөөгийн байдал болон хөгжлийн ирээдүйн асуудлуудыг хэлэлцэн ярилцав.

Монголын тал Москвад нилээд сонирхолтой багц төслүүдтэй ирсэн. Тухайлбал, Монгол улс ОХУ болон БНХАУ-д тээврийн транзит таван хонгил байгуулах санал тавиад байна. Энд Орос улсаас Хятад руу тавих төмөр зам, автомашины зам, нефть-хийн болон эрчим хүчний шугамын тухай яригдаж буй юм.

Монгол улс төмөр зам болон автомашины замыг тус улсын нутгаар дамжуулсан нь Орос-Хятадыг холбох хамгийн богино дөт зам гэж үзэж байгаа аж. Энэхүү асуудлыг ойрын үед Улаанбаатар хотод хийх гурван талын т уулзалт дээр нарийвчлан хэлэлцэнэ.

Мөн Монголын бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудад экспортлох зорилгоор Оросын Алс-Дорнодын /Владивосток, Восточный, Ванио / боомтуудыг ашиглах боломжтой асуудлыг хэлэлцэн тохиролцсон байна.

Монголын тал 2014 онд Оросоос нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээг 2013 оны үеийн 1 сая тоннд  хадгалж өгөхийг оросын талаас хүссэн. Түүнээс гадна Монгол улс дараагийн жил Оросын эрчим хүчний импортыг 250 МВт хүртэл нэмэгдүүлэх санал тавьсан.

Гол асуудлуудын дунд байгаль орчныг хамгаалах асуудал байлаа. Орос улсын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской орос-монголын засгийн газар хоорондын комиссийн Оросын талын удирдагч бөгөөд тэрээр Байгаль нуурт усаа цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн УЦС барьж байгуулах Монгол улсын төсөлд түгшиж байгаагаа илэрхийлсэн.

“Монголын тал Дэлхийн банктай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа нь бидэнд тодорхой түгшүүр төрүүлж байна. Манай талаас энэ нь Байгаль нуурын гол усыг цутгадаг Сэлэнгэ мөрөнтэй холбоотой түгшүүр юм.

Мэдээж хэрэг, ийм томоохон объектын барилгын ажил Байгаль нуурын байгаль орчинд нөлөөлнө” гэж Сергей Донской хэлжээ. Орос, Монгол улсууд нь ховордсон  ан амьтан, ургамлын хил дамнасан байгалийн тусгай хоёр газрыг байгуулахаар тохиролцсон байна.

Москвад болж өнгөрсөн орос-монголын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны дүнгийн талаар Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шүхэртийн Алтангэрэл “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийн ярьсан юм: (яриа)

Орос-монголын засгийн газар хоорондын комиссийн дараагийн ээлжит хуралдаан 2014 оны хоёр дугаар хагаст болно.