Тегеран олон улсын хориг арга хэмжээнүүдийг сулруулсаны хариуд цөмийн хөтөлбрөө ойрын хагас жилд зогсооно. Иран Улс энхийн зорилгоор ашиглах атомаа МАГАТЭ-гийн хатуу хяналтын дор хөгжүүлнэ.

Женевт олон улсын зургаан зууч этгээдийн ээлжит хэллэлцээ ийм шийдвэрээр дууслаа. Энэ нь ираны цөмийн асуудлыг зохицуулах хүрээнд гарсан ахиц дэвшил гэж олонхи шинжээч үзэж байна. Энэ хэлэлцээний амжилт БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөр зэрэг олон улсын өөр хурц асуудлын шийдвэрт нөлөөлж мэдэх үү?

БНСолонгос Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ви Сон Лак үүнтэй холбогдуулан хэлэхдээ:

«Ираны ба умард солонгосын цөмийн асуудлууд зарчимийн ялгаатай. Цөмийн цэргийн хөтөлбөрөө хөгжүүлэхгүй гэж Иран Улс мэдэгдэж, Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай Гэрээнд нэгдсэн байхад Умард Солонгос энэ Гэрээнээс гарч, цөмийн гурван туршилт хийгээд байна.

Яриа хэлэлцээ хийж, харилцан найр тавих замаар л амжилт гаргаж болохыг ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийсэн сүүлчийн хэдэн хэлэлцээний үр дүн нотлон харуулав. Умард Солонгос цөмийн зэвсэгтэй байх гээгүйгээ нотлосон цагт л умард солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдвэрлэж болно» гэлээ.

Явж явсаар л замыг туулж болохыг Женевт олон улсын зургаан зууч этгээдийн ираны цөмийн асуудлаар хийсэн хэлэлцээний амжилт нотлон харуулсан гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн эрхлэгч Александр Воронцов хэлээд :

«Ираны асуудлаар нааштай шийдвэр гаргасан нь хэлэлцээний үйл явц л хэт хүнд түвэгтэй зорилтыг биелүүлэхийн тулд хэрэглэж болох цорын ганц хэрэгсэл гэдгийн сайн жишээ юм. Энэ нь умард солонгосын цөмийн асуудлаар зургаан талт хэлэлцээг сэргээх уриа юм. Хэлэлцээг сунжруулах бодлого тун аюултай.

Хэлэлцээ хийсэн үед БНАСАУ үүргээ биелуулж, пуужин-цөмийн хөтөлбөрөө түр зогсоож, урагш ахих угтвар нөхцлийг бүрдүүлсэн билээ. Гэвч хэлэлцээ хийхгүй үед БНАСАУ аюул, шахалтад автаж, Ливи, Сири хоёр улсын тод жишээг хараж, пуужин-цөмийн хөтөлбөрийг оролцуулан цэргийн чадавхиа нэмэгдуулж байна.

Иймээс зургаан талт хэлэлцээг сэргээх нь бүс нутаг ба дэлхий дахинд чухал юм. Гэвч одоо байдал хүндрэв. АНУ, Япон,Өмнөд Солонгос гурав цөмийн зэвсгээс татгалзахыг БНАСАУ-аас шаардаж, мөн шаардлагыг зургаан талт хэлэлцээг сэргээх болзол болгожээ. Харин ямар ч болзол тавилгүй хэлэлцээг сэргээхэд бэлэн байна гэж Умард Солонгос удаа дараа мэдэгдсэн билээ.

Ийм хүнд байдлаас гарахын тулд угтан дэмжих алхам хийж, харилцаа холбоог сэргээж, Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хегийн их ярьж байгаа итгэлцлийн уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй» гэв.

Ираны цөмийн асуудлаархи хэлэлцээ амжилттай болсон нь Солонгосын хойгийн байдлыг өөрчлэх замын эхлэл болж магадгүй гэж оросын шинжээч Александр Воронцов үзэж байна.