Манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөрийг бид Оросын Ардын жүжигчин Эдуард Хилийн дурсгалд зориулж байна. Зөвлөлтийн үеийн шилдэг сайхан дуунуудын хосгүй түүх түүний нэртэй холбоотой.

Эдуард Хилийн дуулсан “Энэ бол саяхан болсон, энэ эрт дээр байсан” дууг сонгсоё.(Дуу)

Эдуард Хиль 1934 онд оросын эртний Смоленск хотод төрсөн. Түүний хүүхэд нас 1941-1945 оны Эх орны дайны хүнд жилүүдэд өнгөрсөн юм. Зургаан настай жаал хүү бөмбөгдөлтийн үеэр ижийгээсээ төөрч, төрөлх хотынхоо хүүхдийн асрамжийн газар очсон юм. 1943 онд түүний ижий хүүгээ хайж ирэн, германы фашистуудаас чөлөөлөгдсөн Смоленск хотод гэртээ аваачжээ.

Эдуард Хиль дайны үеийн дуунуудад онцгой хүндэтгэлтэй хандадаг байв. Түүний тоглолтын хөтөлбөрт баатарлаг, эх оронч, уянгын, инээдмийн, ирээдүйд итгэлтэй уран бүтээлүүд байдаг бөгөөд, тухайлбал, “Цэргийн сурвалжлагч нарын дуу” юм. Энэ дуугаар бид хөтөлбрөө үргэлжлүүлж байна. (Дуу)

1949 онд Эдуард Хиль Ленинград /одоогийн Санкт-Петербург/ хотод шилжин ирж, улмаар хэвлэлийн техникумд элсжээ. Техникумд суралцаж байхдаа дуурийн студид суралцаж, ленинградын хөгжмийн дээд сургуульд элсэхээр бэлтгэж байв. 1960 онд сургуулиа төгсч, дуурийн гоцлол дуучны карьераа эхлүүлсэн. Гэтэл тэр эстрадын дууг бас сонирхож байлаа.

1962 онд Эдуард Хиль Бүх оросын эстрадын дуучдын анхдугаар уралдааны шагналтан болсон. Үүнээс хойш тэр эстрадын тайзнаа идэвхтэй гарч, үзэгчдийн хамгийн хайртай дуучны нэг болсон. Түүний хамгийн нэрд гарсан дуунуудын нэг “Усан онгоцыг хэрхэн үддэг “дууг одоо сонсоцгое. (Дуу)

1965 онд Эдуард Хиль Зөвлөлтийн эстрадын дуучдын их наадамд оролцожээ. Наадам Эдуард Хильд маш их амжилт авчирч, түүний өмнө олон улсын эстрадын тайзны замыг нээсэн билээ. Тэр жилдээ Хиль Польшийн Сопот хотод болдог эстрадын дуулаачдын нэр хүндтэй наадмын тэргүүн шагналыг хүртжээ.

1966 онд тэрээр Бразильд болсон олон улсын наадамд гайхамшигтай амжилт гаргасан байна. Бразилийн үзэгчдийн хайр хүндэтгэл оросын дуучны талд байлаа. “Москва орчмын үдэш” дууг дуулсны дараа олон мянган хүнтэй танхим Эдуард Хильд урт удаан үргэлжилсэн алга ташилтаар баярласнаа илэрхийлж байв. (Дуу)

Эдуард Хиль дэлхийн ная гаруй оронд аялан тоглолт хийсэн юм. Түүнийг Орос улсын өнцөг булан бүрт халуун дотно хүлээж авдаг байсан.

Эдуард Хиль урт удаан уран бүтээлч амьдралынхаа замналд уламжлалдаа үнэнч үлдэсэн. Тэр боловсон, соёлтой зан харьцаагаараа бусдаас байдлаараа ямагт ялгарч байсан.

2010 онд Эдуард Хиль дөчин жилийн өмнө дуулж байсан дуугаараа Интернетэд алдаршсан. “Би их байртай байна, яагаад гэвэл, би гэртээ ирж байна шүү дээ” гэж дуулах “Сэтгэл хөдлөм вокализ дээр суурилсан энэ дуу“ Интернетэд жинхэнэ шуугиан тарьсан юм.

Энэ дүрс бичлэг интернетэд гараад нэг долоо хоног болоход бичлэгийг 1,5 сая хүн үзсэн. Англи хэлтэй сонсогчид энэхүү бичлэгнээс “тро-ло-ло” гэдэг вокализийг тодотгосон. Харин тэр үеэс Эдуард Хилийг “мистер Трололо гэх болсон.” Энэ бол үнэхээр жүжигчний хувьд түүний уран бүтээлийн гэнэтийн шинэ хуудас болсон.

2012 оны 6-р сард Эдуард Хиль ертөнцийн мөнх бусыг үзсэн. Гэхдээ зөвлөлтийн үеийн болон орчин үеийн Оросын алдартай хосгүй дуучны тухай гэгээн дурдатгал сэтгэлд үүрд хоногшин үлдэнэ “.(Дуу)