Кёрлинг бол Сочигийн өвлийн олимпийн наадамд олимпийн төдийгүй паралимпийн хөтөлбөрт орсон спортын нэг төрөл юм. Спортын энэ төрлийг мөсөн дээрх шатар хэмээн нэрлэдэг. Тамирчдын ярьдгаар энд адгаж сандрах буюу эмх замбараагүй байдал гаргах газар биш бөгөөд кёрлингчууд анхааралтай, тайван хүмүүс байдаг байна.

Өчөөхэн үйлдэл бүр чухал: шидэлтийн хүчээ зөв тооцоолох, чулууны хөдөлгөөний замыг зөв тодорхойлж, өөрийн байг онох төдийгүй өрсөлдөгчийнхөө чулууг цохиж гаргах г.м.

Сочигийн паралимпийн тэмцээн «Мөсөн шоо» кёрлингийн төвд 3-р сард гараагаа эхлэх юм. Тэр болтол одоо байгаа мөсийг хайлуулж шинээр сэргээх болно. Ер нь тэргэнцэртэй керлингийн мөсөн хучилтыг бэлтгэх нь түвэгтэй үйл явц юм.

Эхлээд мөсөн гулгуурын гадаргууг хүйтэнд тэсвэртэй, ус нэвтэрдэггүй бетоноос цэвэрлэн, дараа нь тоглолтын талбайг хөргөж усаар дүүргэдэг байна. Мөсийг үечлэн хөлдөөж, цагаан өнгөөр будаж, улмаар цэвэр гелгер гадаргуу дээр тэмдэг тавьдаг юм. Тэргэнцэртэй кёрлингийн тамирчин шидсэн чулууныхаа хөдөлгөөнийг удирдах боломжгүй нь сонирхолтой.

Тооцоолсон замаар чулуу өнгөрөхийн тулд мөс дээд зэргийн гелгер байх ёстой. Үүний тулд тэмцээн эхлэхийн өмнө нэмэлт ажиллагаа явуулдаг. Дашрамд хэлэхэд, тоглолтын тусгай талбайгаас гадна «Мөсөн шоо»-ны бүх танхим паралимпийн оролцогчдод дээд зэргийн тохилог байхаар бүтээгджээ.

Энд тэргэнцэрт зориулсан замын сүлжээ, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан лифт, тусгай зориулалтын хэмнэлттэй хавтан шал,мөн индэр дээр тэргэнцэртэй хүмүүсийн суух суудал ч бий гэж олимпийн объектын тэргүүн Ефим Жиделев бардамхан яриад:

«Энэ бол хосгүй объект, учир нь ийм хэмжээний, ая тухтай байх бүх л нөхцөл бүрдсэн, дэлхийн олон улсын керлингийн арга хэмжээ явуулах цорын ганц керлинг-төв юм» гэжээ.

Ойрын өдрүүдэд Сочид тэргэнцэртэй керлингийн Оросын аварга шалгаруулах анхны тойрог өндөрлөсөн бөгөөд удахгүй 2 дахь тойрог болох юм. Гэвч оросын шигшээ баг аль хэдийн 2014 оны Паралимпийн наадмын сезоны гол гараанд бэлтгэж эхэлжээ.